Хятадын эрх баригчид АНУ-ын хариу үйлдлээс үл хамааран Эх газрын Хятад болон Тайванийг заавал нэгтгэхээр төлөвлөж байгааг тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицянь мэдэгджээ.
Тэрээр өнгөрөгч баасан гарагт хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр “Тайваний асуудал бол манай улсын дотоод бодлогын хамгийн түрүүний асуудал. Хятад улс нэгдмэл байх ёстой бөгөөд нэгдэх ч болно. Бид Тайваньтай энхийн замаар нэгдэхийн тулд бүхий л арга хэмжээг авахад бэлэн байгаа” хэмээн тэмдэглэсэн байна.
Харин АНУ-ын албаныхан Хятад болон Тайванийг хүчээр нэгтгэхийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд үүнээс сэргийлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жэйк Салливан мэдэгдээд байсан билээ
Тэгвэл хэрэв Вашингтон Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцвол Хятадын Ардын чөлөөлөх арми хатуу байр суурь баримтлах болохыг Жао Лицянь онцолжээ. Түүнчлэн Тайваний салан тусгаарлагчдын Эх газрын Хятадаас салах гэсэн оролдлогыг таслан зогсоохоо амласан тэрээр “Тайваний асуудлаар АНУ “Нэг Хятад” зарчмыг баримтлах ёстой. Тиймээс АНУ Тайваньтай албан ёсны харилцаа холбоогоо зогсоож, тэдэнтэй хамтарсан цэргийн сургуулилт хийж, зэвсэг худалдахаас татгалзах үүрэгтэй” гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: TASS