Сангийн сайд нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааг зогсоож, буцаан олголтыг хоёр хувь дээр барих бодлого баримтална гэж мэдэгдээд байгаа.Татварын Ерөнхий газраас сангийн яамтай хамтран ажиллаж, бусад орны жишгийг судлан энэ оны 12-р сард багтан сугалааны дараагийн хувилбарыг танилцуулахаар төлөвлөж байгаа гэсэн мэдээллийг өгч байна. Тэгвэл иргэд болон зарим эдийн засагчид энэхүү сугалааг зогсоох цаг нь болоогүй, үргэлжлүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлдөг хүн нь хэрэглэгч буюу талх худалдан авч байгаа иргэн юм. Одоогийн хуулиар 2 хувийг буцаан олгож байгаа. Иргэд НӨАТ-ын сугалааг болиулах эсэхэд тал бүрийн байр суурийг илэрхийлж байна. Сугалааг болиулж байгаа бол буцаан олголтыг нэмэх хэрэгтэй гэдгийг хэллээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын үр өгөөжийг эдийн засгийн талаас авч үзвэл далд эдийн засгийг ил болгох, аж ахуйн нэгжийг хариуцлагыг нэмэгдүүлэх, улсын санг тасралтгүй мөнгөн урсгалаар хангах зэрэг давуу талуудтай юм. Тиймээс НӨАТ-ын сугалааг үргэлжлүүлэх цаашлаад буцаан олголтын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах ёстой гэдгийг эдийн засагч үзэж байна.
Олон улсын жишигт бага НӨАТ-тай улс орнууд 10 хувиас доош, 10-20 хувийн дунд татвартай орнууд 20-оос дээш хувь байдаг байна. Манай улс бага татварын хувь хэмжээтэй орны тоонд ордог. Тиймээс сугалааг үргэлжлүүлэх эсэхэд Татварын ерөнхий газар, Сангийн яамны хамтарсан ажлын хэсэг судалж, тодорхой хувилбар гаргахаар ярилцаж байгаа гэлээ.
Иргэдэд олгогдож байгаа 2 хувийг 4 хувь болгох боломжтой гэдгийг УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийлээд байгаа. Мөн зарим эдийн засагчид 7-8 хувь болгох ч бололцоо бий гэдгийг эдийн засгийн тооцооллоор гаргаад байгаа юм.
НӨАТ-ын буцаан олголт гэдэг бүх улсад хэрэгждэг систем. Үүнийг зогсоох гэхийн оронд нэмэгдүүлэх ёстой байр суурийг олон нийтэд хэлдэг. Нөгөө талаас энэ мэт татварын өөрчлөлтүүд цаанаа нийгмийн өөрчлөлтийг дагуулж байдаг учраас хууль эрх зүйн орчныг дахин нягтлах шаардлага зүй ёсоор тулгарч байгаа нь дээрх баримтууд харуулж байна.
Эх сурвалж: www.mongoltv.mn/post/117465