Эмээлтэд байрлах мах махан бүтээгдэхүүний тулгамдсан асуудалтай холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж нар мэдээлэл хийлээ.
Шадар сайд С.Амарсайхан:
Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тавдугаар сарын 30-ны өдрөөс ажлын хэсэг байгуулагдаж махны асуудлаар шалгалт явуулж байна.
Эмээлтэд махны чиглэлээр 32 аж ахуй нэгж байрлаж байна. Монгол Улсад мах экспортлох эрхтэй 61 аж ахуй нэгж бий. Үүнээс 31 нь Хятад улсруу мах экспортлох эрхтэй юм. Ингэхдээ дулааны аргаар боловсруулсан махыг экспортлох эрхтэй 15 үйлдвэр байна.
Эмээлтэд байрлах 32 аж ахуй нэгжийн 17-гийнх нь үйл ажиллагааг түр зогсоож, эрсдэлийн үнэлгээ хийж, спандартын дагуу ажиллах байгаа эсэхийг шалгаад, үйл ажиллагааг үргэлжлүүлэх эсэх, хариуцлага тооцох, стандарт хангуулах арга хэмжээ авч ажиллаж байна.
Сануулахад, Олон улсад мах экспортлох эрхийг яам, мэргэжлийн хяналтаас өгдөггүй. Тухайлбал Хятад улс руу мах экспортлох эрхийг Хятад улс өөрөө шийддэг байна. Одоогоор Хятад улс руу мах экспортлох эрхийг 61 аж ахуй нэгжид олгосон байна.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.
Шадар сайд С.Амарсайхан
Хяналт тавих ёстой албан хаагчид нь арга хэмжээ авахгүй байсаар өдий хүртэл муудсан махыг хаа нэгт газар нийлүүлэх үйл ажиллагаа явуулсан байна. Энэ асуудлыг хэдхэн сэтгүүлч илрүүллээ шүү дээ?
Мэргэжлийн яхналтын байгууллага хяналт шалгалт тогтмол тавих ёстой. Тавдугаар сарын 11-наас эхлэн махны асуудлаар хяналт шалгалт хийж эхэлсэн. Би тавдугаар сарын 27-нд мэргэжлийн байгууллагуудад тодорхой үүрэг даалгавар өгсөн. Зөвхөн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл гэхгүйгээр хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд хяналт тавьж, хатуу хариуцлага тооцох үүрэг өгсөн.
Махны асуудал анх удаа яригдаж байгаа юм биш. Олон жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Шаардлага хангаагүй мах сургууль цэцэрлэгт нийлүүлээгүй. Дотоодын хүнсний хэрэглээнд нийлүүлэгдэхгүй байгаа гэдэг мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллага өгч байгаа. Төр хяналт тавьж байгаа.
Шалгалт хийнэ гэж зарлахаар Эмээлтэд байгаа мах боловсруулах үйлдвэрүүд угааж цэвэрлэхээс эхлээд шалгалтад бэлдээд эхэлж байна. Шалгалт хийнэ гэж зарлаад дараа нь шалгаж болдог юм уу?
Хүнсний аюулгүй байдал хаана ч ил тод нээлттэй аюулгүй байх ёстой учраас бид шалгалт хийнэ гэдгээ зарлаж байгаа юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж
Сэтгүүлч Өнөрцэцэг “би өөрөө хариуцлага хүлээнэ” гээд лацыг тайлсан. Улсын байцаагчийн лацыг иргэн хариуцлага хүлээхэд бэлэн гээд хуулж болдог юм уу?
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар эрүүл мэнд, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал, нийгмийн хамгаалал, дэд бүтэц гээд долоон салбарт хяналт тавьдаг. Монгол Улсад үйлчилж байгаа дүрэм журмыг монгол ч байна уу, гадаад хүн ч байна уу дагаж мөрдөх ёстой. Шүгэл үлээж байгаа хэвлэлд талархах хэрэгтэй. Зариг манай байгууллага руу ярьсан учраас хяналт шалгалтын явцад хамтарч ажилласан. Хяналт шалгалтын ажлыг аль ч хэвлэл нээлттэй мэдээлж болно. Өнөөдөр ч манай хяналтын ажил явж байгаа. Төрийн байгууллага нээлттэй шилэн байх ёстой. Мах чанасан асуудал дээр би шүүмжлэлтэй байгаа. Тэр махыг хэрэглэх эсэхийг шинжилгээний дүгнэлт гарсны дараа шийддэг. Тиймээс мах идсэн байцаагчид хариуцлага тооцно. Лацыг мэргэжлийн хяналтын байцаагч ч бай, хэн нэгэн иргэн авч болохгүй тул зөрчлийн асуудал үүснэ.
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан
Мал махтай холбоотой асуудал олон жил хуримтлагдсан. Дулааны аргаар боловсруулж байгаа 15 аж ахуй нэгж бий. Дулааны аргаар боловсруулсан мах 50 хувийн жингийн алдагдал хүлээдэг тул бүрэн болгосон мах гэсэн үг юм. Экспортод гаргах махыг шинжилгээнд хамруулсны дараа хилээр гаргадаг тул Эмээлтэд үүссэн асуудал Монгол Улсын махны экспортын асуудалд нөлөөлж мэдэх юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Баасандорж
Эм Ди Си Пи ХХК 2022 оны хоёрдугаар сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн ч экспортлох зөвшөөрөлгүй компани юм. Энэ компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгосон.
Шадар сайд С.Амарсайхан
Төлөвлөгөөт шалгалтыг гурван жил зогсоох хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Мэргэжлийн байгууллагын шалгалтыг гурван жил зогсоосноор хүнсний аюулгүй байдал алдагдаж, чанаргүй барилга баригдах нөхцөл үүсэх вий гэсэн болгоомжлол байна?
Төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр зогсоох хуулийг Засгийн газар өргөн барьсан. Гол зорилго нь аж ахуй нэгжийг дэмжих, төлөвлөгөөт шалгалт нэрээр давхардсан хяналтаа зогсоох, аж ахуй нэгжид дарамт шахалт үүсгэхгүй байх зорилготой хуулийн төсөл юм.