Идэр залуухан Владимир Ленин галт тэргэнд Санкт-Петербург орж явах замдаа Карл Марксын “коммунист намын тунхаг” гэх номыг уншсан явдал нь дэлхийн түүхийг өөрчлөхөд хүргэжээ. Урт хугацааны аяллын турш уг номыг шимтэн уншиж дуусгасны дараа амьдрал дээр биелэх боломжтой гэж бат итгэж, итгэсэн зүйлээ хөрсөн дээр биелүүлэхийн тулд 1917 оны 11-р сарын 7-ны өдөр улаан армийг байгуулан анхны тулаанаа хийсэн түүхтэй. Оросыг улаан өнгөөр будах тулаанд нийт 3 сая хүн амиа алдаж 5 сая гаруй хүн гадаад уруу дүрвэсэн байдаг. Мөн дайн дууссан ч үхэл үргэлжилсээр байлаа. Энэ бол өлсгөлөн.
1920-иод оноос эхэлсэн өлсгөлөн 1932-33 оны хооронд дээд цэгтээ хүрсэн юм.
1929 оны үе гэхэд Оросын нийт хүн амын 80 хувь нь газар тариалан, мал аж ахуйгаар амьдардаг байлаа. Тэдний амьдралын хэв маяг хэдэн үеийн турш өөрчлөгдөөгүй байсан энэ үед Сталин тариачин ангийн эсрэг иргэний дайн гэгчийг зарласан юм. Түүний төлөвлөгөөний дагуу газар тариаланг улсын өмч болгож, тариачдын газрыг хүчээр хураан орчин үеийн болгож, аж үйлдвэржүүлэх нь ЗХУ-ын ирээдүйн гол хүчин зүйл байсан аж. Чинээлэг тариачдыг хөдөөний капиталистууд хэмээн зарлаж, Сибирийн хорих ангиуд уруу цөлж байлаа. Харин үлдсэн хүмүүсээс газар, малыг нь булаан авч, улсын мэдлийн нийтийн талбай дээр ажилладаг болов.
Олон малчид мал амьтнаа улсад өгснөөс өөрсдөө нядалсан нь дээр хэмээн үзсэнээс болж асар их хор хөнөөл дагуулсан хүнсний дутагдал үүсчээ. Үр тарианы тариалан буурсан ч улсаас тогтоосон нормыг заавал биелүүлэх ёстой байв. Арми болон цагдаа нар авч болох бүхнийг авч, зарим тохиолдолд бүтэн тосгоныг өлсгөлөнд автуулж үлдээж эхлэв. Нэг ширхэг буудай ч болов хулгайлж байгаад баригдсан тариачныг газар дээр нь буудан хороодог байжээ.
Хот, тосгонуудад үй олон шарилын нүх ухагдав. Зарим газар үхсэн хүмүүсээ булах ч тэнхэлгүй болсон хүмүүс цогцсуудыг овоолон тавьж байжээ. Ард иргэд нь өлсгөлөнгөөс болж үхэж байх энэ үед Сталин үр тариагаа асар их хэмжээгээр нь экспортолж, ЗХУ-ын аж үйлдвэрлэлийн хувьсгалыг санхүүжүүлэх мөнгө босгож байсан юм. Өлсгөлөн 1932-33 оны хугацаанд үргэлжлэхдээ сая сая хүний аминд хүрсэн билээ.