1937 оны сүүл гэхэд Японы эзэнт гүрэн ямар ч найдваргүй болсон Хятад орныг бараг бүхэлд нь эзэлчихсэн байсан гэж хэлж болохоор нөхцөл байдалд байлаа. Хятадын цэргүүд Япончуудыг эсэргүүцсэн чадлаараа тулалдсан боловч сүүлчийн 300 гаруй жилийн турш эх газрын Хятад улс Монгол Улстай байлдсан дайнаас өөр ямар ч дайнд ялалт байгуулж байгаагүй, үргэлж ялагдлаар төгсөж байв. Дэлхийн хоёрдугаар дайны эхлэл ч мөн тэдний ялагдлаар эхэлсэн юм.
Японы эзэнт гүрэн Хятадыг эзэлж Манж-Го гэх тоглоомон улсыг байгуулахын зэрэгцээ ирээдүйд дэгдэх их дайнд зориулан химийн зэвсгүүд боловсруулж Хятад иргэд дээр туршдаг байлаа. Түүнчлэн ямар ч хараа хяналтгүй, хэн ч тоож өмгөөлөхгүй Хятадын хүн ардыг тэд дур зоргоороо хүйс тэмтэрч хүний амиар наадаж байсан юм. Үүний нэгэн жишээ бол Осака хотод Их Наран Улсын эзэн хааны армид татагдан алба хааж Нанжинийг эзлэх тулаанд гавьяа байгуулсан хоёр цэрэг болох Mukai, Noda хоёрын түүх аж.
1937 оны 12-р сарын 12-ны өдөр уг хоёр Япон цэрэг хийх зүйлгүй уйдсан тул өөрсдийгөө хөгжөөхийн тулд нэгэн сонирхолтой тэмцээн зохиожээ. Уг үйл явдалтай холбогдуулан Японы сонины сэтгүүлчийг дуудаж тэмцээнээ албан ёсоор олон нийтэд мэдээлснийхээ дараа түрүүлж 100 хүний толгой тастсан нь ялагч болно хэмээв. Энэ мэдээ нь Нанжин хотын Хятадуудын хувьд аймшигтай мэдээ байсан бол Япончууд байдаг л үзэгдэл мэтээр хэн ч уг асуудлыг эсэргүүцсэнгүй.
Ингээд маргааш нь буюу 1937 оны 12-р сарын 13-ны өдөр хоёр Япон цэрэг Нанжин хотын гудамжинд гарч таарсан хүн бүрийн толгойг уралдан тастаж эхэлжээ. Яг л хоттой хонин дунд хоёр чоно ороод бүгдийг нь эрэмдэглэж, сэглэж байгаа мэт байв. Хядлага хийх явцдаа хоёр цэрэг өөрсдийн эрүүл ухаанаа алдаж нэг мэдэхэд тоо нь 100 давж Mukai 106 толгой, Noda 105 толгой тастсан байлаа. Тэдний тэмцээний үр дүнг сонин, хэвлэлээр нийтлэн ялагч цэрэгт Япончууд баяр хүргэж байсан нь хамгийн аймшигтай. Гэвч 1945 онд Япон улс бууж өгөх гэрээнд гарын үсэг зурсны дараа уг хоёр цэргийг шүүх хурлаар оруулж тус бүрт нь асар их хэмжээний мөнгөн торгууль болон цаазын ял оноосон байдаг.