Хүн төрөлхтний гайхамшигт бүтээн байгуулалтуудын нэг болох Brooklyn-ы гүүр 1883 оны 5-р сарын 24-ны өдөр нээлтээ хийж өдгөө 135 дахь жилийнхээ нүүрийг үзээд байна. Аливаа гүүр болгон хүн гэх төрөл зүйлийн хүч чадлын илэрхийлэл байсаар ирсэн боловч нөгөө талаар хүний хамгийн эмзэг цэгт орших далд хүслийн гэрч болсоор иржээ. Энэ бол хүн тийм ч агуу биш гэдгийн нэгэн нотолгоо болох амиа хорлолт юм. Ер нь амиа хорлосон хүмүүсийн дундаж үзүүлэлтийг харахад тал хувь нь бараг гүүрэн дээрээс үсэрч үхэцгээсэн байдаг.
Тэгвэл Brooklyn-ы гүүр ч гэсэн энэ аймшигтай нээгдээд удаагүй байхдаа нүүр тулсан юм. Тэр бол Robert Emmet Odlum гэх АНУ-ын усанд сэлэлтийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч багш эр байлаа. Гэвч уг эр амиа хорлохыг хүсээгүй бөгөөд өөрийн зохиосон онолоо батлахын тулд маш олон хүмүүс болон сонингийн сэтгүүлчдийг дуудаж байгаад уг үсрэлтийг хийсэн юм. Учир нь тухайн үед АНУ-д ахуйн гал алдалт хэрээс хэтэрч байсан тул шатаж буй барилгаас хүмүүсийг үсрэхэд ямар ч аюулгүй гэдгийг батлах зорилготой байжээ. Өөрөөр хэлбэл хүн газарт унах эсвэл усанд унах мөчдөө өвдөлтөөс болж үхэхгүй харин унаж байх явцдаа айснаас болж зүрх нь хаагдаж үхдэг гэдгийг батлахыг оролдсон байна.
Өөрийн итгэл үнэмшилдээ чинь сэтгэлээсээ итгэнэ гэдэг сайн хэрэг. Гэвч өөрийн тэнэглэлдээ туйлын итгэнэ гэдэг бол сайн гэхээсээ илүү харамсалтай явдал юм. Robert Odlum энэ бүхний эцэст хүртэх ёстойгоо хүртэв. Тэрээр усанд унах мөч хүртэл амьд байсаар усанд унах үедээ толгойгоороо орсон тул хүзүү нь хугарч амиа алдсан байна. Түүний үйлдэл нь түүний онол буруу байсан бөгөөд хүн өндрөөс унаж байх явцдаа үхэх бус унаад мөргөж газардах үедээ үхдэг гэдгийг бүх хүнд өөрийнхөө жишээгээр харуулж чадсан түүхтэй.