1800 оны үед Францын эзэн хаан Наполеоны байлдан дагуулалтын үр дунд олон жилийн турш барууны ертөнцийн өмнө харш хөшиг татчихаад байсан эртний Египетийн эзэнт гүрэн дахин олны нүдний өмнө ил гарч ирсэн юм. Гэвч үлгэр домгийн хүчирхэг Египет улс буюу нарны бурхан РА-аас адис авч үхэшгүй мөнхийн гэрэл цацруулсан ариун нутаг нэгэнтээ үгүй болжээ. Хүн төрөлхтний өлгий нутаг “Нил” мөрнийг түшиглэх уг улс урьд хожид хэзээ ч байж үзээгүйгээрээ ядуугийн туйлдаа орсон өчүүхэн хүн сүргүүдийн нэгдэл мөдий болсон байв. Наполеон Месопотамийн хөндийн хар хөшгийг нэг гараараа хүчтэй угзрахад хаа холын Египетийн хөшиг салхинд нь сарнисан нь энэ юм.
1875 онд Францын жуулчин Египетийн нутгаар аялахдаа гудамжинд занданшуулсан шарил зарж буй хүний зургийг дарж өрнийн ертөнцөд анх дэлгэсэн байдаг. Энэ нь тухайн үедээ тун их хэл ам хийгээд шуугианыг дагуулж байлаа. Учир нь эртний уламжлалд бол энгийн хүнийг бус заавал ямар нэгэн ноён, төрийн цол хэргэмтэй хүмүүсийг занданшуулдаг байсан. Гэвч гудамжинд ил шарил зарах хүмүүс зүгээр гүйж очиж бунхан ухаад л эртний ноёдын шарилыг Кайр хотын гудамжнаа ил тавин зарж байв. Тухайн үедээ үүнийг нь тоож анхаарах төр засаг битгий хэл сүсэглэж, сэжиглэх ч хүн байхгүй юу ч үгүй хоосны тууль болчихсон байлаа.
Иймд өрнийн хөрөнгөтнүүд маш их хэмжээгээр мөнгө зарцуулан фараон болон бусад ноёдын шарилуудыг эх нутагтаа зөөж эхэлсэн байна. Тэд хувийн цуглуулгадаа хийхийг нь хийж музейд тавихыг нь тавьж байлаа. Гэвч барууны хүмүүс мумми худалдаж авч байгаа нь булш ухагчдын бизнесийг улам дэмжиж тэд эрээ цээргүйгээр эвдлэн сүйтгэж ухаж эхэлсэн аж. Харин 20-р зууны эхний 10 жилийн дотор Египет улс мумминуудыг төрийн тусгай хамгаалалтад авч хүүр тонуулчдаас ангижирч чадсан юм. Түүнчлэн хэрэв хүсвэл манай улс “батаар”-ын араг ясыг эх орондоо оруулсан шиг хууль бусаар хил давуулсан өвөг дээдсийнхээ шарилуудыг ч Египетчүүд авч болох боломж нь тэдэнд бүрэн байгаа аж.