1920 онд Их Британы нийслэл Лондон хотод байрлах Каннон гудамжны мухарт хэсэг бүлэг эрэгтэй эмэгтэй хүмүүс уулзаж үзэл бодол нийлэн нам байгуулсан нь Их Британы коммунист нам байлаа. Тус намыг байгуулахын тулд Их Британы социалист хөдөлгөөн, социалист ажилчдын холбоо, дахин шинэчлэлтийн хөдөлгөөн, үндэсний социалист ажилчдын хөдөлгөөн гэх 4 байгууллага нийлэн байгуулжээ. Түүнчлэн тухайн үед ЗХУ-ын удирдагч асан Ленин Их Британы коммунист намд дэмжлэг болгон одоогийн ханшаар 1 сая еврогийн тусламж үзүүлж байсан тухай баримт ч нэгэнт ил болсон юм.
1930 онд Их Британы социалист нам нийгэм даяар эмх замбараагүй байдал үүсгэж жагсаал цуглаан хийж эхэлсэн байдаг. Тэд шударга ёсыг шаардаж хүмүүс капитализмаас илүү социалист нийгэмд хамаагүй шударга амьдрах боломжтойг уриалж байв. Үүний хариуд Их Британи улс орон даяар баривчилгаа явуулсан ч тэднийг бүрэн дийлж чадахгүй л байлаа. Харин 1936 онд гэхэд зүүн Лондон бараг тэр чигтээ Москва хотын жижгэрүүлсэн хувилбар болсон гэдэг. Учир нь социалист хөдөлгөөнийхөн бүрэн хяналтаа тогтоочихсон байж.
Тэд 1943 онд 103 мянган санал авч улмаар саналын тоо нэмэгдсээр 200 гаруй доод тэнхимийн гишүүдийг өөрсдийн намаас сонгуулж чадсан байдаг. Энэ нь ард түмэн тэднийг ямар хүчтэй дэмжиж байсныг батлан харуулах мэт. Гэвч 1956 онд болсон Унгарын бослогын улмаас коммунист нам хүчээ алдаж эхэлсэн юм. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө тэмцсэн Унгарын ард түмнийг ЗХУ-ын коммунист улаан арми нухчин дарсан нь Их Британы ард түмний дургүйцлийг хүргэсэн аж. Иймд тус нам хүчээ алдан, эрч нь суларч явсаар 1991 онд ЗХУ задран унахтай зэрэгцэн уг нам ч цаашид орших үндэсгүй хэмээн үзэж сайнйдураараа тарцгаасан байдаг. Энэ бол Их Британы коммунистуудын түүх юм.