1942 оны 2-р сар гэхэд Японы эзэн хааны арми зүүн өмнөд Азийг бүхэлд нь хяналтдаа оруулаад байлаа. Тэд тухайн бүс нутагт байсан Америк, Нидерланд, Австрали, Их Британы цэргийн эвслийг бут цохиж Энэтхэгийг эзлэхээр зэхэж эхлэв. Япончуудын довтолгооны дараагаар Энэтхэгийн тэнгисийн ойр орчимд Недирландийн дөрвөн усан онгоц тасарч үлдсэн байна. Тэдэнд амьд үлдэх ганц арга байсан нь ямар ч хамаагүй аргаар Австралид хүрч очих байлаа.
Гэхдээ тэдэнд маш том асуудал байв. Учир нь задгай далайг Япончууд бүрэн мэдэлдээ авч өдөржин шөнөжин тэнгист Японы усан онгоцнууд, тэнгэрт Японы нисэх онгоцнууд л эргэлдэж байлаа. Байдал ийм байхад тэд эсэн мэнд 1600 км замыг туулна гэдэг үнэхээр л мөрөөдөл байсан юм. Энэ нь ч үнэн болж таарч эхний өдөр гэхэд л тэднээс гурван онгоц нь живж “HNLMS Abraham Crijnssen” гэх ганц онгоц живэлгүй үлдсэн байна. Уг усан онгоц нь уртаашаа 55 метр өргөнөөрөө 7 метр байв. Тэсрэх бөмбөг зайлуулах зориулалттай усан онгоц тул байлдааны зэвсэглэл харьцангуй муутай аж.
Нэгэнт байдал ийм болж ганцаараа амьд үлдэн олон мянган дайснуудад бүслэгдсэн тул тус онгоцны ахмад өнгөлөн далдлалт хийж онгоцоо яг л гаднаас нь харахад арал мэт болгосон байна. Гэвч арал нэг байрнаасаа нөгөөд хөвөөд байвал энэ бүхэн Япончуудын гайхшралыг төрүүлээд тогтохгүй тэд гал нээж үзэх л юм бол бүх зүйл дуусах нь ойлгомжтой байв. Иймээс ахмад онгоцоо зөвхөн шөнийн цагаар явуулахаар болж өдрийн цагаар ямар ч хөдөлгөөнгүй байрандаа зогсох даалгавар өгчээ. Тэд Индонезийн арлуудын ойр орчимд очих үед яг тэдний онгоцны хэмжээтэй маш олон жижиг арлууд байсан нь бүр сайхан өнгөлөн далдлалт болж өгсөн юм.
Ийнхүү Австралийн зүг амь өрссөн аялал хийж явсаар 1943 оны 1-р сарын 26-ны өдөр 8 шөнө тасралтгүй аялсны эцэст Австралийн далбаатай шумбагч онгоцтой таарч холбоотны бүс нутагт орсон байна. Харин тухайн оны 5-р сарын 5-ны өдөр хөлгийг багийн гишүүдийнх нь хамт Нидерландын вант улсын усан флоттой нэгтгэсэн байдаг. Гэвч 1945 он буюу дайн дуусах хүртэл уг онгоцыг ганц ч удаа ашиглаагүй аж. Харин дайн дуусах жил Нормандын эрэгт Германаас Өмнөд Америк уруу зугтаж буй цэргүүдийг олзлуулахаар нэг удаа л ашигласан түүхтэй.