Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа АНУ болон өрнийн гүрнүүдийн дунд хүн амын огцом өсөлт бий болжээ. Энэ өсөлт нь 1946-1964 оны хооронд огтхон ч буураагүй юм. Энэ 18 жилийн хугацаанд АНУ-ын хүн ам гэхэд л 76 саяаар нэмэгдсэн гээд бод. Түүнчлэн АНУ-ын араас Канад болон Их Британи тэргүүн эгнээнд жагсаж байв. Өөрөөр хэлбэл эдгээр улсуудад 7 секунд тутам нэг хүүхэд шинээр мэндэлж байсан гэх тооцооллыг гаргажээ.
Энэ бүх тэсрэлтийн хамгийн гол шалтгаан нь дэлхийн хоёрдугаар дайны явцад гэр бүлийн асуудал, гэрлэлт, хүн амын өсөлт үндсэндээ зогсож эрчүүд нь бүгд фронтод алба хааж байсантай холбоотой аж. Дайн дууссаны дараа гэртээ ирсэн эрчүүд гэр бүл зохиож 5 жилийн турш зогсонги байсан хүн амын өсөлт гэнэтхэн л хормын дотор тэсрэлт хийсэн хэрэг. Тухайн цаг үед дундаж эмэгтэй хүмүүс 20-22 настайдаа гэр бүл болж хүүхэд төрүүлэн нэг өрх 5-6 хүүхэд төрүүлснээр маш том гэр бүлүүдийг бий болгож байлаа. Түүнчлэн АНУ-ын эдийн засгийн хямрал нэгэнт дуусч энх тайван, хөгжин цэцэглэлт, бүхнийг шинээр сэргээн мандуулах сайхан цаг ирсэнтэй ч мөн холбоотой.
Хүн нэмбэл хүнс нэмнэ гэдэг үг бий. Яг л барууны ертөнцөд хүн ам нь өссөн даруйд тэдний эдийн засгийн эргэлт өсөж дотооддоо гүйх мөнгөний хэмжээ огцом өссөн юм. Бүх төрлийн бараа материалын худалдан авалт сайжрахтай зэрэгцэн бараа материал үйлдвэрлэх ажилчдын амьжиргаа даган сайжирч тэдний эзэд нь маш богино хугацаанд тэрбумтан болж эхэлсэн аж. Үүгээр барахгүй шинэ үеийнхэн өсөж том болон бүгд хувьдаа автомашинтай болох Америк мөрөөдлийн дагуу тус улсын автомашины салбарыг эдийн засгийн уналтаас ч гаргаж авч байлаа. АНУ болон өрнийн орнуудад дэлхийн хоёрдугаар дайн маш эерэгээр туссан гэж хэлж болно. Гэхдээ мэдээж тэд ялсан учраас шүү дээ.