Австралийн Засгийн газар тоо толгой нь эрс олширч, байгаль орчинд хор хөнөөл учруулж эхэлсэн зэрлэг муурыг агнах таван жилийн хугацаатай кампанит ажил өрнүүлэхээр шийдсэн нь олон улсын шинжтэй асуудал болж хувирчээ. Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгүүд эрс эсэргүүцэж, дуучин Стив Мориссей, жүжигчин Брижит Бардо зэрэг нэр алдартай гишүүдээрээ захидал бичүүлэх болсон аж. Олон нийт ч дэмжих хандлагатай болсон учир Ховор амьтдыг хамгаалах нийгэмлэгийн комиссар Григори Эндрьюс дээрх алдартнуудад хаягласан нээлттэй захидал бичихэд хүрчээ.
“Ногоон тив”-д Европоос анхлан суурьшигчид нь англичууд байсан бөгөөд тэд англи саксон хүний ихэд эрхэмлэдэг хонь, муурыг хамт авч очсон түүхтэй. Үүнээс хойш хонин сүрэг өсч үржин, эдүгээ эдийн засгийнх нь нэг тулгуур багана болсон бол муурнууд зэрлэгшин, хүндрэл бэршээл гэж тооцогдох болсон байна. Тоо толгой нь 20 саяд хүрч, экосистемд ноцтой хохирол учруулах болжээ. Австралийн амьтны аймаг бусдаас эрс онцгой, өөр хаана ч байдаггүйгээрээ ялгардаг. Гэтэл зэрлэг муурны онцгой ховдог чанараас болж тэдний идэш тэжээл болдог 120 төрлийн амьтан мөхөх аюулд учирсан учир Засгийн газрын хэмжээнд хэлэлцэж байж “Хоёр саяар цөөлөх” шийдвэр гаргасан юм байна.
Австралийн амьтны аймаг бусдаас эрс онцгой, өөр хаана ч байдаггүйгээрээ ялгардаг. Гэтэл зэрлэг муурны онцгой ховдог чанараас болж тэдний идэш тэжээл болдог 120 төрлийн амьтанд мөхөх аюул учирчээ. Григори Эндрюс захидалдаа дээрх учрыг тайлбарлаад “Та бүхний шүүмжлэл ортой нь үнэн. Гэвч бид бүх муурыг устгахгүйгээр 120 гаруй төрлийн хөхтөн, жижиг мэрэгчдийг мөхөж сөнөхөөс аврах гэж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Зэрлэг муурны аюулын талаарх зарим баримтууд:
-Зэрлэг муур нь 1850-иад оны үед Австралид нутагшсан.
-Тоо толгой нь 20 саяыг даваад байгаа.
-Жижиг сүүн тэжээлтэн, мэрэгч, шувуу, гүрвэл, загас, шавьжаар хооллодог
-Нэг муур өдөрт дунджаар таван амьтан барьж иддэг.
-Муурны “Хоолны цэс”-энд багтсан 27 төрлийн амьтан бүрмөсөн мөхөж, 120 гаруй төрөл мөхөж сөнөх аюулд оржээ.
-Сөнөсөн төрлийн дотор тал хээрийн бандикут, том чихт үсэрдэг хулгана зэрэг зөвхөн Австралид байдаг ховор амьтад байна.