Эл Сид бол 1043-1099 оны хооронд амьдарч байсан Испанийн язгууртан хийгээд нэрт цэргийн зүтгэлтэн байлаа. Тэрээр Европын ертөнцийг Исламын дайралтаас хамгаалах дайнд тэргүүнд эгнээнд Мүүрсийн хаант улстай тулалддаг нэгэн байв. Тулаан бүхэн нь ялалтаар дуусдаг байсан тул тухайн үеийн Испанийн эзэн хаан түүний нэр хүнд, нөлөөнөөс бага зэрэг айдаг байсан гэх. Гэвч түүнээс өөр хэн ч түүн шиг тулалдаж чадахгүй нь ойлгомжтой тул хаанд өөр сонголт байсангүй.
1099 онд Мүүрсийн цэргүүд Гибралтарын хоолойгоор дамжин Испанийн хөдөө нутагт халдан орж ирж хот тосгодыг түйвээж байгааг мэдсэн тэрээр бүх цэргийг дагуулан дайсны зүг морджээ. Дайснуудыг олж тэдэнтэй ширүүн тулалдаж байх үед дайсны харваач хортой сумаар жанжныг харван ухаан нь балартсан түүнийг цэргүүд нь эхнэрт нь хүргэн өгсөн түүхтэй. Гэвч бүх зүйл нэгэнт оройтож хор бүх биеэр нь таран жанжин хэдийнээ амиа алдав.
Мүүрсийн цэргүүд тооны хувьд тун олуулаа бөгөөд өөрсдийн итгэлт жанжин нь хүнд шархадсаныг мэдсэн цэргүүд сэтгэл гутралд орж эхэлсэн байна. Гэвч түүний эхнэр Жимена Диаз өөрийн цэргүүдийн зоригийг мохоохгүйн тулд нас барсан нөхрийнхөө хуяг дуулгыг нь өмсүүлэн итгэлт хүмүүсээр өргүүлж морин дээр нь бат бэхлэн суугаа чигээр нь дайнд оруулжээ. Хачирхалтай нь эхнэрийнх нь энэхүү арга хэрэгжиж уг тулаанд Испаничууд ялалт байгуулж эх орноо хамгаалж чадсан юм.