Николай Гастелло нь тэртээ 1908 онд Москва хотод 4 хүүхэдтэй айлын ууган хүү болон хорвоод мэндэлжээ. 1928 онд албан ёсоор коммунист намд элсэж улмаар 1932 онд хайртай эх орныхоо төлөө хүчин зүтгэхээр Луганскын нисгэгчийн сургуульд тус тус элссэн байдаг. Улмаар 1933 он гэхэд бөмбөгдөгч онгоцны нисгэгч болон төгссөн тэрээр Монгол улсад өрнөсөн халхын голын байлдаанд хуваарилагдан очсон түүхтэй. Уг дайнд Баянцагааны тулалдааны үед түүний хорооны комиссар Ююкин өөрийн бөмбөгдөгч онгоцыг Японы зенитийн суманд өртөн шатахад галд автсан онгоцоо Японы байрлал уруу залж, мөргөлт хийсэн байна. Энэ нь түүний хувьд цэрэг хүн эх орныхоо төлөө амь насаа өгөх бол энүүхэнд байх ёстой гэсэн хатуу бат ойлголтыг олж авсан юм. Тэрээр халх голын байлдааны дараагаар Лениний одонгоор энгэрээ мялаалгуулсан нэгэн.
Харин дэлхийн хоёрдугаар дайны үед ахмад Н.Ф.Гастелло тэргүүтэй 3 бөмбөгдөгч онгоц бүхий хэсэг 1941 оны 6-р сарын 26-ны өдөр байлдааны даалгавар биелүүлэхээр ниссэн байна. Беларусийн Молодечно-минскийн засмал замын дагуу давшиж байсан германы цэргийн цувааг бөмбөгдөх үед түүний жолоодсон Д-3Ф хүнд бөмбөгдөгч онгоцны шатахууны сав дайсны зенитийн суманд өртөж, шатахад шатаж байгаа өөрийн онгоцоо засмал зам дээрх германы танк, бензин тээвэрлэгч бүхий фашистын цэргийн бөөгнөрөл рүү чиглүүлж, устгасан тул мөн өдрийн ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар түүнд ЗХУ-ын баатар цолыг нэхэн олгожээ.
Ахмад Гастеллогийн экипажийн байгуулсан энэхүү амь насаа үл хайрлан агаараас газрын бай руу мөргөлт хийж, дайснаа устгах амь золиосолдог гавьяаг Аугаа их Эх орны дайны жилүүдэд 500 гаруй онгоцны экипаж дахин давтсан байдаг. Хамгийн сонирхолтой нь энэ гавьяаг үйлдээд амьд үлдсэн нисгэгч нар байдаг байна. Тухайлбал газрын мөргөлт хийсэн нисгэгчдээс 1941 оны зуны 8 сарын 24-ны хүнд ширүүн үед Днепр мөрөн дээрх германы цэргийн голын гармыг халз мөргөсөн шумбан бөмбөгдөгч онгоцны нисгэгч Колыбин, Балтын тэнгисийн флотын нисгэгч Юрий Спицин 1942 оны 4 сарын 19-д Ленинград мужийн гатчины аэродромд халз мөргөлт хийгээд тус тус амьд үлдсэн байна.