Түүнийг Calvin Graham гэх бөгөөд 1930 оны 4-р сарын 3-ны өдөр АНУ-ын Texas мужид төрсөн байна. Тэрээр дэлхийн хоёрдугаар дайнд тулалдсан хамгийн залуу Америк цэргээр шалгарсан байдаг. Учир нь түүнийг 11 настай байхад нь төрсөн эцэг нь нас барж ээж нь өөр эртэй амьдрах болсноор өөрөө өөрийнхөө хувь тавиланг залуурдахаар шийдэн АНУ-ын тэнгисийн цэрэгт элссэн аж. Ийнхүү жаал хүү 12 настайдаа буюу 1942 оны 8-р сарын 10-ны өдөр San Deigo-ын цэргийн ангийн гишүүн болжээ.
Түүнийг цэрэгт элссэнээс нэг их удалгүй Hawaii мужийн Oahu арал уруу илгээж сувдан эргийн цэргийн нэгтгэлд хуваарилсан байна. Тэрээр бие томтой, өсөглүүн хүүхэд байсан бөгөөд өөрийн насыг нууж хуурамчаар цэрэгт элссэн байсныг бүр сүүлд л АНУ-ын арми мэдсэн байдаг. Сувдан эрэгт байрлаж байхад Япончууд агаарын довтолгоон хийж түүний анги нэгтгэлийг юу ч үгүй бут ниргэж живүүлсэн түүхтэй. Энэ явдал нь бяцхан хүүг айлгах биш харин ч хурцалж өшөө авах гэсэн сэтгэлзүйтэй болгосон юм.
Ийнхүү Хавай арлын дайралтын дараа түүнийг Номхон далайн цэргийн нэгтгэлд хуваарилан Японы эсрэг 1942 оны 10-р сарын 16-ны өдөр Соломоны арлуудын дэргэдэх тулаанд оролцож байхдаа хүнд шархадсан байдаг. Тэрээр агаараас хамгаалах их бууны сум цэнэглэгчээр ажиллаж байгаад хөлгийн ахмаддаа дайсны онгоцны байршлыг гараараа зааж байгаад тэнэсэн суманд гар нь оногдон их хэмжээний цус алджээ. Гэвч аз болж тэрээр амьтайгаа бас гартайгаа бүрэн бүтэн үлдэж гавьяаг нь АНУ-ын засгийн газар эр зоригийн хүрэл медалиар шагнасан байдаг. Тэрээр энэ шагналыг ердөө 12 настайдаа авсан юм.
Дайн дууссанаас олон жилийн дараа түүний насны тухай бодит үнэнийг тагнуулын ерөнхий газар илрүүлж АНУ-ын ерөнхийлөгч асан Jimmy Carter-т илтгэхэд ерөнхийлөгч Calvin Graham-ыг дуудаж эр зоригийг нь сайшаан төрийн дээд “хөх зүрх” одонгоор шагнасан түүхтэй. Нэгэнт түүний бүхий л түүх ил тод болсон тул 1988 онд түүний тухай кино хийгдэж АНУ-ын дараагийн ерөнхийлөгч Ronald Reagan нурууны өвчинд нь зориулж улсын хангамжаас 23,000 долларыг түүнд өгсөн байдаг. Тэрээр 1994 оны 6-р сарын 21-ны өдөр зүрхний өвчний улмаас Texas мужид нас баржээ.