1943 оны 12-р сарын 20-ны өдөр АНУ-ын бөмбөгдөгч онгоцны Чарли баг Германы нутагт халдан Bremen-ы бүс нутгийг бөмбөгдөж агаарт ширүүн тулаан хийж маш их хохирол амсаж эцэст нь АНУ-ын бөмбөгдөгчид зүг бүрт таран зугтацгаажээ. Энэ үед уг хотоос 45 км-ын зайд Германы алдарт агаарын нисэх хүчин болох Luftwaffe-ын нэгэн жижиг анги нэгтгэл байрлаж байсан бөгөөд тэд өөрсдийнх нь дээгүүр нисэх B-17 бөмбөгдөгч онгоцыг хараад хамгийн шилдэг нисгэгчээ илгээжээ. Тэр нисгэгчийг Franz Stigler гэх бөгөөд 28 удаагийн агаарын тулаанд орж ганц ч ялагдалгүйгээр дээд амжилт тогтоогоод байсан домогт нисгэгч байсан юм.
Franz Stigler өөрийн сөнөөгч онгоцыг хөөргөн АНУ-ын B-17 онгоцыг гүйцэж очих үед ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан тул гайхаж бага зэрэг ойртон хартал автомат буун дээр сууж байсан цэрэг хэдийнээ амьсгал хураасан байв. Улмаар тэр улам бүр сонирхон бөмбөгдөгчийг тойрон эргэтэл багийн гишүүд ихэнх нь шархдан хөдөлж ядан харагдах бөгөөд гагцхүү онгоцны ахмад л бүрэн бүтэн тул онгоцоо жолоодон явж байлаа. Гэвч өөрийнх нь дэргэдүүр нисэх Franz Stigler уруу байн байн санаа зовсон царайтайгаар харсаар байв. Нэгэнт байдал ийм тул Герман нисгэгч тэднийг өрөвдөн гал нээлгүйгээр Германы хилээс гартал нь хамгаалан дэргэд нь ниссэн байдаг.
АНУ-ын бөмбөгдөгч онгоцны ахмадыг Charlie Brown гэдэг байсан бөгөөд дайны дараа олон жилийн турш тэд өөр өөрсдийн улсад амьдарч байгаад 1983 онд болсон дэлхийн хоёрдугаар дайны нисгэгчдийн чуулга уулзалт дээр тэд таарч бие биетэйгээ танилцан Charlie Brown чин сэтгэлийн талархлаа илэрхийлж тэр цагаас хойш тэд маш дотно нөхөд болсон байна. Гэвч 2008 оны 3-р сард Franz Stigler таалал төгссөнөөр тэдний нөхөрлөл тэр хүрээд дууссан юм. Charlie Brown өөрийн хүүхдүүдэд “чи өөрийнхөө дургүй хүнийг ч хайрлаж чадах зүрх зоригтой бай хэмээн үргэлж хэлдэг гэнэ.