1942 онд АНУ-ын засгийн газрын санхүүжилттайгаар Harry Coover хэмээх эрдэмтнээр ахлуулсан тусгай баг анх супер цавууг зохион бүтээсэн байдаг. Тэдний зорилго нь эвдэрсэн буунуудыг хооронд нь нааж өртөг багатай аргаар буу засах байлаа. Хэдийгээр тэд супер цавууг зохиож бүтээж чадсан боловч буу наах зорилго нь бүтээгүй юм. Үүний дараа 1955 онд уг супер цавуунд бага зэрэг өөрчлөлт хийн онгоцны эвдэрсэн эд ангиудыг наах туршилт хийж супер цавуу нь хэдий сайжирсан боловч онгоцны эд анги наах боломжгүй л байлаа.
Гэвч тэрээр 1959 онд АНУ-ын нэгэн телевизийн шоунд орох үедээ ундааны лаазыг хажуу өнцөгт нь цоолж дотор нь дүүрэн ус хийгээд цоолсон хэсгээ суперцавуугаар наахад огт ус гадагшлахгүй байв. Лаазны хоёр тал хумигдан наалдаж шингэнийг дотор нь хадгалсан хэрэг. Тэрээр телевизийн шоунд уг санааг ашигласан явдал нь тухайн үед Вьетнамын дайн болж байсан бөгөөд шархадсан цэргүүдийн цусыг энэ аргаар тогтоож болно гэх дохиог АНУ-ын засгийн газарт өгөх зорилготой байжээ. Түүний зорилго ч биелсэн юм.
Үүний үр дүнд АНУ-ын засгийн газар 1961 оноос эхлэн эрдэмтэн Harry Coover-ын зохиосон супер цавууг ашиглахаар гэрээ байгуулж Америк цэрэг нэг бүр биедээ цацдаг хэлбэрийн супер цавуутай явдаг болжээ. Дайнд буудуулж шархадсан цэргүүдээ цавуу цацсанаар онгорхой хэсэг нь битүүрч цус алдалтыг зогсоож байв. Иймд эмнэлгийн тусламж иртэл тухайн цэрэг тэсэж үлдэх зэргээр олон мянган цэргүүд супер цавууны тусламжтайгаар дайныг амьд дуусгаж гэртээ харьсан байдаг.