Харпын ах дүүс бол албан ёсоор АНУ-ын гэмт хэргийн ертөнцөд бүртгэгдсэн анхны цуврал алуурчид юм. Ах Жошуа Харп нь 1768 онд төрсөн бол түүний төрсөн дүү хэрцгий хочит Виллиам Харпер нь 1770 онд төрсөн байдаг. Тэд Англи гаралтай гэр бүлээс төрсөн бөгөөд бага байхад нь санваартан хоёуланг нь адилсаж бурхны ариун шавь болгож Их Британы эзэн хаан George III-т үхэн үхтэл үнэнчээр зүтгэх тангараг өргүүлсэн юм. Гэвч 1775 онд АНУ-ын тусгаар тогтнолын төлөөх дайн эхэлснээр тэдний гэр бүл Их Британы эзэн хаанд үнэнчээр зүтгэж хүчээ өгөхөөр төлөвлөж байлаа. Харамсалтай нь тэдний бүх хөршүүд нь Теннессий муж тэр чигтээ Америкийн чөлөөлөх армийн талд байсан тул арга буюу эзэн хаанаасаа урвасан юм.
1783 онд аймшигт дайн дуусч ах дүүс ч эрийн цээнд хүрсэн тул том ах нь дүүгээ дагуулан гэрээсээ явсан байдаг. Тэд амьдрахын тулд таарсан ажил бүрийг хийж байсан ч энэ бүхэн үнэхээр утгагүй санагдаж өөрсдийгөө Их Британы эзэн хааны үнэнч зарц гэж үзсэн тул Америкчуудыг үзэн ядаж эхэлжээ. Ийнхүү ах дүүс Теннессий, Кентаки, Иллиноис, Миссисипи зэрэг мужуудаар дээрэм хийж худалдаачдыг тонодог болов. Бүр улмаар усан завь авч өөрийн гэсэн хүмүүстэй болж гол дагуу хөвж буй муж хоорондын худалдааны усан онгоцнуудыг дээрэмдэх болсон юм. Гэвч Америкийн арми уг асуудалд хүчтэй анхаарал хандуулсан тул тун удалгүй тэд тэндээсээ зугтаж дээрх мужуудаар энгийн амьдралаар амьдрах болжээ.
Тэднийг аллагаа яг хэзээнээс хийж эхэлсэн тухай мэдээлэл дутмаг байдаг ч 1790 оны үеэс эхэлсэн болов уу хэмээн судлаачид үздэг байна. Ах дүүсийн амьдарч буй газрын ойролцоо хүмүүс учир битүүлгээр алга болж тун удалгүй цогцос нь олддог болжээ. Бүр Кентаки мужид нэгэн удаа голын эргээс сураггүй алга болсон бүсгүйн цогцсыг олоход дотор эрхтнийг нь бүхэлд нь аваад битүү чулуу чихээд оёчихсон байсан гэдэг. Энэ нь тэднийг ямар аймшигт хэрцгий алуурчид байсныг илтгэж байгаа юм. Гэвч тэдний энэ харгислал удаан үргэлжилсэнгүй. 1799 оны 8-р сард Иллиноис мужийн оршин суугчид ах дүүсийн хүн алахаар завдаж буйг харан тэднийг болиулахад ах дүүс зугтсан байдаг. Үүний хариуд нутгийн иргэд гал нээхэд том ах Жошуа нь газар дээрээ амиа алдаж дүү нь зугтаж чадсан юм. Нэгэнт алуурчдыг тодорхойлж чадсан тул АНУ-ын өнцөг булан бүрээр дүүг нь хайсаар 1804 оны 2-р сарын 8-ны өдөр дүүжлүүлж бус толгойгоо таслуулж цаазлуулсан түүхтэй. Тэд 50 гаруй хүний амийг хөнөөсөн аж.