Жеймс Патрик Булгер нь 1990 оны 3-р сарын 16-ны өдөр Их Британы Kirkby тосгонд төрсөн бөгөөд төрснөөсөө 3 жилийн дараа буюу 1193 оны 2-р сарын 12-ны өдөр амиа алдсан юм. Түүнийг хулгайлсан хийгээд хөнөөсөн хүмүүс нь цөм өсвөр насны хүүхдүүд бөгөөд тэднийг Роберт Томпсон болон Жон Венаблес гэдэг байв. Тэд хоёул 11 настай хөвгүүд бөгөөд Ливерпүүл хотын New Strand үйлчилгээний төвд ээж нь дэлгүүрийн бараа үзэн хүүхдээсээ хэсэгхэн хугацаанд анхаарлаа холдуулсан хойгуур тэд жаал хүүг дагуулан явж тухайн газраас 4 км-ын зайд төмөр замын дэргэд түүнийг зодож амь насыг нь хөнөөсөн байдаг. Хөвгүүд 1993 оны 2-р сарын 20-ны өдөр Булгерийн аллага болон хулгайн хэрэгт дуудагдан баривчлагдсан юм.
Тэднийг 1993 оны 11-р сарын 24-ны өдөр гэм буруутайг нь шүүхээс тогтоосон бөгөөд энэ нь шинэ цагийн Англи улсын хамгийн залуухан алуурчид хэмээн түүхэнд бичигдсэн аж. Аллага хийсэн хөвгүүдийг Их Британы шүүхээс бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн боловч 2001 оны 6-р сард тэднийг 19 нас хүрэх үед ирээдүйг нь харж үзэх зорилгоор улсаас тэдэнд маш хатуу тусгай болзол тавин эрх чөлөөг нь олгосон юм. Гэвч 2010 онд Жон Венаблес гэгч нь уг журмын аль нэгэн заалтыг зөрчин дахин шоронд хоригдсон бөгөөд улмаар 2017 оны 11-р сард хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой зургуудыг компьютер дээрээ байлгасан гэх шалтгаанаар мөн шоронд орсон байна. Тэдэнд тавьсан болзол маш хатуу боловч Роберт Томпсон хүүхэд насны алдаагаа дахин давтахгүйн тулд тун их хичээж амьдарч байгаа юм. Бяцхан хөвгүүд тухайн үед ийм аймшигт хэрэг хийсэн нь хүн бүрийг гайхшралд оруулж Их Британи даяар ямар ял өгөх тухай хэлэлцүүлэг өрнөж байжээ.
Хэрэг явдал гарсан тухайн өдөр буюу 1993 оны 2-р сарын 12-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хоёр жаал хичээлээ тараад уг худалдааны төвөөр орохдоо худалдагчийн нүдийг хариулж байгаад модтой чихэр, ундаа хулгайлаад улмаар сэтгэл нь хөөрч 3 настай бяцхан хүүг дагуулан дэлгүүрээс гарсан байдаг. Тэднийг хүүхэд дагуулан явахтай таарсан 38 гэрч гарч ирсэн бөгөөд хяналтын камерт ч хөвгүүд маш олон удаа өртсөн аж. Бүр хоёр хүн тэднийг саатуулан асуух үед хөвгүүд түүнийг өөрсдийн бага дүү гээд төөрчихсөн байхаар нь цагдаагийн газраас аваад явж байна хэмээн итгүүлжээ. Саатуулсан иргэд итгэсэн бөгөөд тэднийг зогсоосон газартай зэргэлдээ шахуу цагдаагийн газар байдаг байсан юм. Хамгийн зэрлэг нь хөвгүүд түүнийг төмөр замын дэргэд зогсоон толгойн дээрээс нь дэвсэж аманд нь болон өгзөгний нүхэнд нь батарей чихсэн байдаг. Үүгээр тогтохгүй дотуур хувцас нь огт байгаагүй бөгөөд тодорхой шалтгааны улмаас хүүхдүүд түүнийг хүчиндсэн байх магадлалтай ул мөр ч олдсон аж. Гэвч бөгсний нүхэнд нь батарей чихсэн явдлыг хөвгүүд өөрсдөө үгүйсгэсэн байдаг байна.