Хар тамхины нэгдүгээр дайнд ялагдаж албан хүчээр эх орондоо хар тамхи зарах үүрэг хүлээсэн Чин гүрэн 1842 оны Нанжины гэрээнээс хойш 14 жилийн өнгөрлөө. Нэгдүгээр дайнд ялагдсан Хятад улсын аж амьдрал туйлдаа хүртэл доройтон хүн амын өсөлт бууран 350 гаруй сая болж тэдний 70 орчим сая нь хар тамхинд гүн донтох эмгэгтэй болсон байна. Хонг Конгийг Их Британид алдаж 5 усан боомтоо хүчээр Европын зах зээлд нээн худалдааны шударга бус дайны хохирогч болсон Манж Чин гүрэн цаашид оршин тогтнох эсэх нь туйлын эргэлзээтэй болж ирэв.
1850 оны эхээр гэхэд Хятад дахь барууны империализмын нөлөө эрс өсөж Их Британиас гадна Франц, АНУ-ын нөлөө ч багагүй хэмжээгээр орж тэд Хятадын хуулийг уландаа гишгэн дур зоргоороо аашлах явдал нь хэрээс хэтрэв. Тухайн үед Хятад хүн бол харуудын дараа орох доод төрөлтөн болон хувирах нь тэр. Түүнчлэн томоохон хотуудын сургуульд Хятад хэлийг боомилж хүчээр Англи хэл зааж гудамж талбайд Англи хэлээр хаягаа хадах болж барууны иргэд их хэмжээгээр мөнгө хүүлэх бизнес хийж эхлэв. Тэднээс мөнгө зээлсэн Хятадууд Англичуудын оруулж ирдэг хар тамхийг худалдан авч хариуд нь зээлээ төлж чадахгүйн улмаас гэр орон, газар нутаг, тариан талбайнуудаа бэлэглэж байлаа.
1856 оны 10-р сарын 8-ны өдөр Нанжин хотын боомтод байсан Их Британы хөлөг онгоцыг Хятадын тусгай албаны цэргүүд эзэлж багийн 12 гишүүнийг амьдаар нь олзолсон байна. Тухайн үйл явдлыг олзлуулсан хөлгийн ахмад Томас Кеннеди нүдээрээ харсан бөгөөд Нанжин дахь Их Британы элчин сайд асан Харри Парксд энэ тухай мэдэгдэхэд элчин сайд яаралтай арга хэмжээ аван Чин гүрний цэргийн ерөнхий жанжин Ей Минчинд багийн гишүүдийг яаралтай суллах шаардлага тавихад тэд зөвхөн 11 хүнийг суллаж үлдсэнийг нь барьцаанд хэвээр үлдээсэн байна.
Үүний үр дүнд бүс нутагт тогтворгүй байдал үүсч Хятадын Кантон, Хонг Конг зэрэг олон газарт зэвсэгт халдлага гарч улмаар Британичуудыг эсэргүүцэх бүх нийтийн хөдөлгөөн өрнөж эхлэв. Чин гүрний засгийн газар ч Британи хүн бүрийн толгойд мөнгөн шагнал амлаж байсан нь байдлыг улам хурцатгаж эхлэв. Ийнхүү 1957 оны 4-р сар гэхэд Хятадын эсрэг эх газарт зөвхөн Франц, Английн цэргүүд байлдаж байхад тухайн үед ашиг сонирхлын зөрчлийн үүднээс АНУ болон Хаант Орос улсууд холбоотон болж дайнд нэгдсэн байдаг. Үүнээс улбаалан бүс нутагт хүчний тэнцвэр алдагдаж 4 жил үргэлжилсэн дайны эцэст 20 орчим мянган барууны цэрэг амиа алдсан бол Хятадын талаас Манж, Хан, Монгол үндэстнүүдээс бүрдсэн 200,000 орчим хүн алтан амиа алдсан юм.
Дайны явцад олон удаагийн энхийн хэлэлцээр өрнүүлсэн боловч Орос болон АНУ-ын нөлөөнөөс болж энх тайван тогтож чадсангүй. Учир нь Хятад улс Оростой шууд хиллэдэг байсан тул Оросын эрх ашиг нэн тэргүүнд тавигдаж байлаа. Гэвч 1860 оны 10-р сарын 18-ны өдөр Хятадын нийслэл Бээжийн хотод Чин гүрний хан хүү Гонг энхийн хэлэлцээрийг амжилттай зохион байгуулж Хятадууд Их Британи болон Франц улсуудад 8 сая алтан зоосны өрөнд орж хар тамхины наймааг дахин эхлүүлж, Хятадуудыг бүх төрлийн шашин шүтэх эрхтэй болгон Их Британи, АНУ, Франц, Орос зэрэг улсуудын усан онгоцыг хэзээ ч хэн ч саатуулан шалгах ёсгүй болсон юм. Гутамшигтай ч гэсэн Хятадууд яалт ч үгүй 2 удаа барууны хүчнийг эсэргүүцэн дайн хийсэн ч хоёуланд нь ялагдсан аж. Уг явдлаас нэг их удалгүй 1881 он гэхэд хүн ам нь 369 болж хар тамхины нэгдүгээр дайны үеэс 40 гаруй саяаар буурч улмаар тухайн иргэдийн 120 сая гаруй нь буюу хүн амын 3/1 хувь нь хар тамхинд оржээ. Ийнхүү Чин гүрний мөхлийн үйл явц эхэлсэн түүхтэй.