1905 оны 12-р сарын 17-ны өдөр Финландын тал нутагт энгийн нэгэн долоон хүүхэдтэй айлын хамгийн бага нь болж төрсөн түүнийг эх орондоо төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан шилдэг цэрэг болно гэж хэн төсөөлөх билээ. Хүү бага наснаасаа тариа тарьж улмаар ан хийж яваад 1925 онд 20 нас хүрээд Финландын армид алба хаан ЗХУ-ын хил залгаа Viipuri гэх нутгийн хилийн цэргийн ангид хуваарилагдсан байдаг. Тэндхийн цэргүүдийг тухайн үед Финляндын иргэд цагаан хамгаалагчид хэмээн дууддаг байлаа.
Армид алба хаах хугацаандаа бусдаас нэг их ялгарахгүй энгийн л цэрэг байсан боловч түүний мөн чанарыг 1939 онд улаан арми Финляндын нутаг уруу түүний алба хааж байсан Viipuri мужаар нэвтрэн орох үед л бүх нийтээр таньж авсан юм. Тэрээр -20 градусаас -40 градусын хэлбэлзэлд нэг жил орчим алба хаан улаан армийн цэргүүдтэй дайтахдаа эхлээд явган цэрэг байсан боловч улмаар улаан армийн түрэлтэд Финляндын арми цөхрөнгөө барж эмх замбараагүй байдал үүссэн тул тэрээр мэргэн бууч болж жинхэнэ аллагын машин гэдгээ харуулсан байна. Удалгүй улаан армийн цэргүүд ч түүнийг таньдаг болж офицерууд нь Финляндын нутагт ил гарахаас сүнсээ зайлтал айдаг болжээ.
1 жил үргэлжилсэн дайны явцад тэрээр 505-542 цэргийг устгасны дотор 200 гаруй офицер байсан нь Симон Хаяхаг дэлхийн түүхэн дахь хамгийн шилдэг мэргэн буучаар тодруулахад хүргэсэн байна. Гэвч 1940 онд Зөвлөлтүүд түүнийг олзлон улмаар амь насыг хөнөөх гэсэн боловч өөрийн овсгоо самбайгаар улаан армиас оргон зугтаж нүүрэндээ буудуулан шархадсан байдаг. Гэвч тэрээр амьд үлдэн үргэлжлүүлэн тулалдсаар 1940 оны 3-р сарын 13-ны өдөр ЗХУ өөрсдийн цэргийг Финландаас татсан түүхтэй. Уг дайнд Финляндын талаас 26 мянга орчим цэрэг алагдсан бол ЗХУ 160 мянга гаруй эрэлхэг дайчдаа алдсан юм. Эх орноо хамгаалж амьд домог болсон Симон Хаяха ард түмэндээ хайрлагдсаар 2002 оны 4-р сарын 1-ны өдөр нас барсан байдаг. Тэрээр Финланд улсын цаашдын хөгжил, улс төрийн уур амьсгалд онцгой өөрчлөлт үзүүлж чадсан эгэл жирийн цэрэг эр байсан юм.