АНУ-ын Пенсильван мужид Жим Витерс гэх эмч 2003 оноос эхлэн орон гэргүй, эрүүл мэндийн даатгалгүй ядарсан хүмүүст үнэгүй үзлэг хийж шаардлагатай эрүүл мэндийн тусламжийг хувийнхаа зүгээс үзүүлсээр иржээ. Түүний хайртай бүсгүй нь 2002 онд хорт хавдраар нас барсан бөгөөд бүсгүйн мөрөөдөл нь дэлхий дээрх бүх ядуу хүмүүст тусалж илүү сайхан ирээдүйг бий болгох байж. Иймээс хосууд хамт гадуур алхаж байхад таарсан гэр оронгүй хүн бүрт задгай мөнгө өгдөг байсан аж. Гэвч нэг л өдөр түүний найз бүсгүй хорт хавдар тусан эмч залуу бүх чадлаараа хичээсэн боловч яаж ч тусалж чадаагүй байна. Нэгэнт энэ бүх харамсалтай явдал эмч залуугийн амьдралд тохиолдсон тул хайртай бүсгүйнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд өөрийн ухамсарт амьдралаа зориулахаар шийджээ.
Тэрээр Пенсильван мужийн Питтсбург хотод одоогийн байдлаар давхардсан тоогоор 15 орчим мянган хүнийг үзлэгт оруулан шаардлагатай эмнэлгийн тусламжийг үзүүлсэн байна. Эмч залуу өөрийн бүхий л сул цагийг хүнд туслахад зориулдаг бөгөөд жилд дунджаар 1200 орчим хүнд тусламж үзүүлж амждаг гэнэ. Хамгийн гайхалтай нь уг ажлаа 15 жилийн турш хийхдээ энэ бүх хугацаанд ганц доллар ч авч байгаагүй аж. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа хүн бүрт амжилтад хүрч, аугаа нэгэн болох боломж байдаг. Гэвч өнөөгийн нийгэм дэндүү шударга бус учир мөнгөгүй хүмүүс маш олон хүчин зүйлсээс шалтгаалан амжилтад хүрэх боломжгүй болдог. Эдгээр бэрхшээлүүдийн нэг нь эрүүл мэнд учир би өөрийн чаддаг зүйл болох анагаахын шинжлэх ухаанаараа боломжоороо хүмүүст ирээдүй бэлэглэхийг хүсдэг хэмээжээ.
Жим Витерс олон жилийн турш АНУ-ын засгийн газар, эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагад шаардах бичиг хүргүүлсэн боловч ганц ч удаа түүнд хариу ирээгүй байна. Тэрээр одоогийн байгаа тогтолцоог өөрчилж хүн бүр үндсэн хуулийн дагуу эрүүл, аюулгүй амьдрах эрхийг нь бүрдүүлэх ёстой. Эд нар мөнгөгүй гээд хүмүүсийг үхэл уруу нь түлхэж болохгүй, бидний амьдарч буй нийгэм дэндүү шударга бус болсон би өөрийгөө үхэн үхтэл эдгээр хүмүүст тусалсаар байх болно хэмээн сүүлд 2014 онд BBC телевизэд өгсөн ярилцлагадаа дурджээ.