Гилтер бол жинхэнэ утгаараа урлагт донтосон нэгэн байлаа. Тэрээр Вьенна хотын урлагийн академид элсэн орж байсан боловч төгсөж чадаагүй юм. Хувь тавилан Гитлерийг өөр зүйл хийлгэхээр хөтөлсөн байдаг. Хэдий тэр хүсэл зорилгийнхоо дагуу урлагийн хүн болж чадагүй боловч хожим түүний сонирхол цагийн зүүтэй зэрэгцэн бадран ноцсон түүхтэй.
Тэрээр төрийн эрхэнд гарсныхаа дараа урлаг соёлын өвийг булаан дээрэмдэх цогц бодлогыг хэрэгжүүлж эхэлжээ. Тэд Рейхийн жүүд иргэдийн иргэний эрхийг хааж , өв хөрөнгийг нь булаан дээрэмдэж, хөнөөж байхдаа гар дээрх урлагийн өвийг нь булаан авахад ч ихээхэн анхаарал хандуулж байв. Гоген, Кандинский, Пикассо, Шагал зэрэг орчин үеийн болон жүүд гаралтай уран бүтээлчдийн бүтээлийг ад шоо үзэн, урлагийн гадаад зах зээл рүү худалдаж байлаа.
Харин Гитлерийн дуртай холланд мастеруудын бүтээсэн тариаланчдын аж амьдралын тухай уран зургуудыг өөртөө цуглуулдаг байв. Энэхүү хөрөнгө хураалт нь германчууд Австрийг нэгтгэж, Франц, Голланд болон бусад барууны улсуудыг эзлэн авсны дараа тэнд ч бас үргэлжилсэн. Зөвхөн Францыг эзэлсний дараа л гэхэд 300 хуудас бүхий жагсаалт урлагийн бүтээл рейхийн мэдэлд шилжсэн байв. Эдгээрийн ихэнх нь Гитлерийн Нюшванштейн дэх цайз руу зөөгдсөн. Наци нар зарим тохиолдолд урлагийн бүтээлүүдийг музей болон эздээс нь маш бага үнээр худалдан авч байв.
Зүүн фронтод нацистууд бүр ч харгис байсан. Слав үндэстнүүдийг доод арьстан гэж үзэж байснаас Польш, Украин, Оросуудын соёлын өвийг устгах ажиллагааг өргөн фронтоор эхлүүлэв. Зүүн Европт урлагийн бүтээлүүдийг хураан авах, устгах замаар үндэстний санах ойг арчихыг санаархжээ. Хөшөө дурсгалуудыг нурааж, ордон, сүм, музейнүүдийг тонон дээрэмдэж байв. Варшав хотод устгалыг бүр системтэйгээр өрнүүлсэн байдаг. Барилгуудыг тоосго тоосгоор нь нурааж, номын сангуудыг шатааж, эцэст нь хааны ордонг дэлбэлэв. 2007 онд Польш улс Германаас энэхүү үйлдлийнх нь төлөөсөнд 20 тэрбум ам.доллар нэхэмжилсэн юм.
Орост Толстойн эдлэнг тонож, шарилыг нь сүйтгэж, гар бичмэлүүдийг нь шатааж байв. Оросуудын тооцоолсноор германчууд 400 музей, 2000 сүм, 43,000 номын санг сүйтгэжээ. Германы фильдмаршал Вальтер Рейхенау тухайн үед “Зүүн зүгт урлаг түүхийн ямар ч дурсгал үлдэх ёсгүй” гэж хэлж байжээ. Зөвхөн баруун Оросыг эзэлсэн богино хугацаанд л хоёр сая урлагийн бүтээл алдагдсан гэж оросууд тооцоолдог.
Харин Парисын хувьд урлагийн өлгий нутгийн бүх музейг дээрэмдэж дууссаны дараагаар уг ажиллагааг удирдаж байсан Hermann Goring олж авсан бүх бүтээлүүдээ Герман руу зөөхийн тулд тэрээр хоёр хувааж вагоноор зөөсөн гэдэг. Учир нь энэ бүх далд санааны ард Гитлер нь Австри болон Берлин хотод дэлхийн хамгийн том урлагийн музейнуудыг байгуулах туйлын хүсэлтэй байсан байна.
Тиймдээ ч Гитлерийн уг ёс зүйгүй дээрмийг холбоотны улсууд хараад сууж чадалгүй урлагийн бүтээлүүдийг буцааж авчирах сайн дурийн хүмүүсийн цуглуулсан бөгөөд нийт 13 орны 350 эр, эм хүмүүс уг хөтөлбөрт нэгдсэн байдаг. Тэд огт цэргүүд биш байсан бөгөөд дунд орчим насны музейн ажилчид, урлагийн оюутнууд, археологчид, зураач, түүхчид зэрэг байжээ. Мөн тэдэнд ямар ч зэвсгийн эрдэм байсангүй.
Урлаг хамгаалагчид 1940 оноос эхэлж ажилласан бөгөөд тусгай ажиллагааны үр дүнд олон сая урлагийн бүтээлүүдийг буцааж төрөлхи нутгуудад нь авчирсан байдаг. Мөн дайн дууссаны дараа ч тэд үргэлжлүүлэн ажилласаар байлаа.
Сонирхолтой нь Австрын Altausee уулын доор байрлах нууц байранд гэхэд л Jan van Eyck, Michelangelo, Johannes Vermeer тэргүүтэй уран бүтээлчдийн 6,577 будмал зураг, 2300 гар зураг, 79 сагс бүхий хэрэгсэл, 137 ширхэг баримал, 129 ширхэг сэлэм болон хуяг дуулга, 484 хайрцаг архевын материал, 78 ширхэг эртний тавилга, 1200 гаруй анхны хэвлэлтийн номнуудыг олж аварсан байдаг.
2014 он. Урлагийн бүтээл аврах багийн ахмад гишүүд, АНУ-ын ерөнхийлөгч асан George W. Bush-ын хамт
Урлагийн бүтээл аврах тусгай багийн гишүүд 1951 он гэхэд Гитлерийн нуусан 5 сая гаруй бүтээлүүдийг аварч жинхэнэ эздэд нь буцаан өгсөн байдаг. Мөн уг түүхэн явдлаас сэдэвлэж 2014 онд “The monuments men” гэх киног Холливуд бүтээсэн байна.
Өнөөдөр тус байгууллага нь үйл ажиллагааны хэлбэрээ “сан” болгон өөрчилсөн бөгөөд Гитлерт алдагдаад өнөөг хүртэл олдллгүй урлагийн бүтээлүүдийг хайхад асар их хөрөнгө мөнгө, хүчин чармайлт зарцуулсаар байгаа юм.