1857 онд Англи улсын Оксфорд хотын ойролцоо сүүний мухлаг ажиллуулан амьдардаг нэгэн залуухан хосын гэрт бяцхан хүү төрсөн байна. Тэд хүүхэдтэй болохыг удаан хугацаанд хүссэн боловч болохгүй байсаар сая л нэг юм болсон нь энэ. Уг гэр бүл эхэн хэсэгтээ маш аз жаргалтай бүх зүйл дэндүү сайхан амьдарч байлаа. Бяцхан хүү 6 нас хүрэх үедээ ээж, аав хоёртоо гэр бүлийн ажилд нь тусалж эргэн тойрны хүн бүхний хайрыг татсан ажилсаг, зөв хүүхэд болон өсөж торниж байв.
Гэтэл 1865 оны нэгэн өдөр хүү 8 настай байхдаа аавтайгаа хамт цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж явахдаа гэнэт л үхлийн тухай ярьсан гэнэ. Түүний эцэг тун их гайхаж жоохон хүүхдүүдийн мэдээд байх хэрэггүй сэдэв гэсэн боловч хүү хэдийнээ энэ сэдвийг дэндүү сайн мэддэг болсон байв. Хүү хэлэхдээ “ааваа, бид бүгд үхнэ, бид үхсэний дараа бидний дотор орших гэрэл өөр нэгэн сайхан газар уруу явна, гэхдээ би нэг л зүйлээс айж байна” хэмээсэн байна. Түүний эцэг гайхан юунаас айсныг нь асуухад бяцхан хүү “намайг үхсэний дараа миний бие үүрд харанхуй авсанд булшлагдан амьдарна гэхээс айж байна” хэмээжээ. Бага зэрэг хачин санагдсан ч тоосонгүй.
Гэвч уг яриа өрнөснөөс ердөө 10 хүрэхгүй хоногийн дараа тэдний хүүхэд гэнэт учир битүүлгээр амиа алдсан харамсалтай хэрэг болжээ. Эцэг эх нь туйлын их зовлон шаналалд орж хамаатан садан, найз нөхөд нь цөм уйлцгааж байлаа. Түүнийг оршуулах үед эцэгт нь хүүгийнхээ ярьж байсан зүйлс санаанд орж харанхуй авсанд мөнх байлгахгүйн тулд нарны гэрэл орох боломж бүхий цонхтой булш бэлдсэн аж. Энэ булш Оксфорд хотын оршуулгын газарт одоог хүртэл байсаар байгаа бөгөөд хүү цонхны ачаар айх шаардлагагүй амар тайван нойрсон боломжтой болсон юм.