Уг эрхэмийг Харолд Холт гэх бөгөөд 1908 оны 8-р сарын 5-ны өдөр Австрали улсад төрж улмаар улс төрд орон Их Британы дээдсийн хүрээллийн хайр энэрлийг хүртэн 1966 оны 1-р сарын 26-ны өдөр Австрали улсын 17 дахь ерөнхий сайд болсон юм. Гэвч түний хэрэгжүүлдэг бодлогууд болон гадаад харилцаа нь Англо-Саксон үндэстэй улсуудынхаас эрс өөр байсан аж. Тэрээр коммунистууд буюу тэр дундаа Хятадуудад маш элэгтэй хандан капиталист гүрнүүдийг хамтын зөвшилцлийг үл тоон БНХАУ-тай зарим төрлийн худалдааг бий даан хийсэн байдаг. Зарим талаараа тэрээр хэт тэнэг мэт боловч ганц үнэн зүйл гэвэл хэтэрхий зоригтой нэгэн байлаа.
Харолд Холт хүүхэд байхаасаа усанд сэлэлтээр хичээллэн задгай далай, гол зэрэг бүхий л газруудаар тун сайн сэлдэг байсан аж. Энэ ч утгаараа 1967 оны 12-р сарын 17-ны өдөр тэрээр Квинслэнд мужийн далайн эрэгт өөрийн хоёр бие хамгаалагчийн хамт очин далайд сэлэхээр оржээ. Хамгаалагчид нь хамт орохыг хүссэн боловч тэрээр зөвшөөрсөнгүй. Угаас ерөнхий сайд хэнээс ч илүү сэлдэг нэгэн болохыг хүн бүр мэддэг байсан тул тэд ажиглалт хийн холоос харан зогсжээ. Нэг хамгаалагч нь орчныг ажиглаж байхад нөгөөх нь ерөнхий сайдын зүг нүд салгалгүй харна. Харолд Холт улам бүр далайн гүн уруу явсаар л байлаа. Гэвч урьд нь үүнээс ч хол явж сэлж байсан тул хамгаалагч нэг их сандарч тэвдсэнгүй.
Таван хором өнгөрсний дараа тэрээр хэтэрхий холдсон тул хамгаалагч нь бүх чадлаараа түүнийг зүгээр эсэхийг шалган асуусан байдаг. Энэ үед Харолд Холт түүний яриаг сонсон өөрийгөө зүгээр гэдгээ илэрхийлэн орилсон байна. Гэвч гэнэт л Харолд Холт алга болох нь тэр. Хамгаалагчид нь хоёул ус уруу үсрэн орж сэлсэн боловч түүнийг олоогүй байна. Австрали улсын эргийн хамгаалалтынхан түүнийг газар сайгүй хайсан бөгөөд Австрали улсын түүхэн дахь хамгийн том эрэн сурвалжлах ажиллагаа 1967-1968.12.20-ны өдрийн хооронд явагджээ. Эцэст нь хүн бүр түүнийг живж үхсэн эсвэл аварга загасны хоол болсон хэмээн бодох болов. Гэвч хуйвалдааны онолд итгэгчид түүнийг өөрийгөө хуурамчаар үхүүлж Хятад уруу явсан хэмээн итгэдэг аж. Учир нь ард түмний зарим хэсэг түүнийг Хятадын тагнуул хэмээн боддог байлаа. Тэгвэл зарим хэсэг нь түүнийг АНУ-ын тагнуулын ерөнхий газрынхан хороосон гэх нь бий. Ямартай ч түүний цогцос одоог хүртэл олдоогүй юм.