500-700 оны үед эртний Санскритууд шатар тоглохдоо эзэн хааныг нь олзлон тоглоомыг дуусгадаг байлаа. Харин 700-800 оны үед Персүүд эзэн хааныг олзлогдохоос анхааруулж чек буюу “шаг” гэх шинэ нэр томьёог үүсгэсэн байдаг. Шаг нь тоглолтыг гэнэтийн бөгөөд санаандгүй байдлаар дуусгахаас сэргийлсэн алхам болсон юм. Үүнээс нэг их удалгүй Персүүд хааныг шаг болох нүүдэл уруу өөрөө гүйж орохгүй байх шинэ дүрэм зохиосон байдаг. Үүний үр дүнд эзэн хаан олзлогдох боломжийг багасгасан бөгөөд тоглолт зөвхөн “шаг-мад” болсны үндсэн дээр л дуусдаг болжээ.
1600 оноос өмнөх үед Европын ноёдууд шалдан ноёнтой үлдсэн даруйдаа ялагддаг байлаа. Гэвч бодит амьдрал дээр шалдан ноён ялалт байгуулах боломж үргэлж байдаг тул амьдралтай нийцүүлэхийн тулд уг дүрмийг өөрчилсөн юм. Гэсэн хэдий ч хүмүүс талбар дээрх бүх бодуудыг устган ноёныг ганцааранг нь үлдээн гутамшигтайгаар хожихыг эрмэлздэг байлаа. Харин сэргэн мандалтын он жилүүдэд “шаг-мад” хийх хүсэл нь илүү болсон бөгөөд энэ нь стратегийн хувьд илүү ач холбогдолтой болохыг хүмүүс ойлгож эхэлсэн юм. Дайсны цэргүүд болон өөрсдийн цэргүүд гэх мэт дайнд аль болох бага амь зольж удирдагчийг нь буулгаж авах ухаан үүнд орших мэт. Эртний Фарси хэлэнд “шах мат” гэх үгийг хөврүүлэн орчуулбал “эзэн хаан авралгүй болжээ” гэх утга илэрдэг аж. Тэгвэл Ислам болон Арабын ертөнцөд “мата” гэх үг нь үхэж байна эсвэл үхсэн гэх санааг илэрхийлдэг байна.