Тэрээр 19-р зууны хамгийн чадварлаг зэрлэг амьтан сургагчдын нэг байсан юм. Англи гаралтай Америк гэр бүлд төрсөн тэрээр хүүхэд ахуй наснаасаа туйлын хүнд амьдрал туулсан тул сургуульд сурч боловсрол эзэмших хувь заяасангүй. Багаасаа эцгээ даган ан гөрөөнд явж амь зогоодог байсан тул хүний хорвоод түүний ганц сайн сурсан зүйл нь ан хийх болон зэрлэг амьтадтай харьцах байлаа. 8 настайгаасаа эхлэн ан хийж амьдарсан тэрээр өөрийн амьдралаа арай илүү утга учиртай болгож амьтны амь таслахгүй амьдрахыг хүссэн тул 1842 оноос буюу 30 настайгаасаа эхлэн зэрлэг амьтдыг амьдаар нь барьж аван тэднийг сурган хүмүүжүүлж амьтны хүрээлэн болон циркт өгөх ажил хийдэг болов.
Тухайн үед иймэрхүү мэргэжилтнүүд тун ховор бөгөөд бүгд л өөрсдийн амь насанд хэтэрхий хайртай байдаг тул тэрээр захиалгаар дарагддаг байлаа. АНУ-ын Калифорни, Невада, Виржиниа зэрэг маш олон мужуудаар зэрлэг баавгай олзлон тэднийг сургаж эцэст нь циркт хүлээлгэн өгдөг болов. Гэвч энэ нь амь насанд туйлын аюултай ажил бөгөөд тэрээр гурван ч удаа ухаан алдталаа баавгайд алгадуулж байсан юм. Тэгэхдээ амьдрахын тулд энэ бүхнийг хийх л хэрэгтэй байв. Жон Адамс ихэнхдээ баавгай болон чоно сургадаг бөгөөд өөрөө тун хүчирхэг хийгээд булчинлаг хүн байсан тул тэдэнтэй нүцгэн гараараа барилдан доороо оруулж хүчээр сургадаг байсан гэдэг.
1855 оны нэгэн өдөр Массачусетс мужийн циркт зориулан баавгай сургаж байхдаа тэрээр гавлын ясаа гартал алгадуулан тун хүнд гэмтсэн байна. Азаар амьд үлдэж тун богино хугацаанд буцаж хөл дээрээ босон домогт эр Барнумтай танилцан тэдний цирктэй гэрээ байгуулжээ. Тэрээр гэрээ байгуулаад 3 жилийн дотор хоёр чоно гурван баавгайг Барнумд бэлдэж өгсөн байна. Барнум ч түүний хөдөлмөрийн хүнд нөхцөлийг тун сайн ойлгож хангалттай хэмжээний хөлс төлдөг байв. Харамсалтай нь 1960 оны нэгэн өдөр амьтан сургагч, анчин эр миненгит өвчнөөр өвдөн нас барсан аж. Барнум энэ бүхэнд туйлын их харамссан бөгөөд түүнийг эхнэр болон хоёр охиных нь дэргэд оршуулсан байдаг. Түүний гэр бүлийнхэн цөм сүрьеэ өвчнөөр өвдөн үхэцгээсэн юм.