Уг бүсгүйг Жулиа Хилл гэх бөгөөд АНУ-ын байгаль орчны идэвхтэй тэмцэгч хийгээд татварын эсрэг хөдөлгөөний гишүүн аж. Түүнийг чухам дэлхий нийтээр од болгосон үйл явдал 1997 оны 12-р сарын 10-ны өдрөөс 1999 оны 12-р сарын 18-ны хооронд тохиожээ. Аялагч, дэлхийгээр хэрэн хэсүүчлэх хүсэл мөрөөдөлтэй эцэг эхийн гэрт айлын дунд хийгээд ганц охин болж төрсөн тэрээр хүүхэд ахуй наснаасаа эхлэн мужуудаас муж, тосгоноос тосгон дамжин явсаар түүнийг дунд сургуульд орох үед гэр бүл нь Арканзас мужийн Жонесборо гэх хотод тогтвортойгоор суурьшсан байна.
1996 оны 8-р сарын 26-ны өдөр тэрээр үдэшлэг дээр хэтрүүлэн уусан найзынхаа машиныг жолоодож явахад түүний машиныг согтуу жолооч араас нь мөргөн осолд орсон байдаг. Жулиа Хилл дөнгөж 22 настайдаа гавлын ясны хүчтэй бэртэл авч алхах болон ярих чадвараа тал хувиар алдсан юм. Гэвч бүтэн жилийн турш эмчилгээ хийлгэсний үр дүнд бие нь сайжирч хэвийн хүн мэт алхаж, ярьдаг болсон бөгөөд байгаль орчны хөдөлгөөнд эргэн нэгдсэн байна. Тухайн үед тэрээр мах идэхээ больж сүү зэрэг бусад амттанаас ч татгалзан зөвхөн ногоон хоол идэх болжээ. Тэнхэрч дээрдсэн бүсгүйн сэтгэлийг Калифорни мужид болж буй байгаль сүйтгэх ажиллагаа өөрийн эрхгүй татсан байдаг.
1997 оны 12-р сард Калифорни мужид түүнийг очиход нөхцөл байдал хамаагүй муу байлаа. Аварга том модтой ойг “номхон далайн мод бэлтгэл” хэмээх нэртэй төрийн өмчит компани юу ч үгүй огтлон авсан байв. Иймд байгаль орчны хөдөлгөөнийхөн өөрсдөө ойд орж компаны ажилчдыг эсэргүүцэн биеэрээ халхавч хийхээс өөр аргагүй болцгоожээ. Үлдсэн хэсэгхэн ойн хамгийн захад 1700 жилийн настай аварга том мод байсан бөгөөд уг модыг тэд хамгаалахын тулд хэн нэгэн нь дээр нь гарч хэсэг хугацаанд амьдрах ёстой болов. Ямар ч сайн дурын хүн олдоогүй тул Жулиа Хилл эцэст нь зөвшөөрөн 1999 оны 2-р сарын 18-ны өдрийг хүртэл модноос огт буулгүй амьдарсан байдаг. Түүний ширүүн тэмцэл АНУ даяар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдан байгаль орчны хөдөлгөөнийхний гишүүдийн тоо нэмэгдэж хүчтэй эсэргүүцлийн үр дүнд ойг үлдээхээр шийджээ. Тэрээр одоо хүртэл АНУ даяар байгаль хамгаалах хөдөлгөөн өрнүүлсээр байгаа юм.