Хүүхэд нас
Түүнийг Фредди Оверстеген гэх бөгөөд 1925 оны 9-р сарын 6-ны өдөр Голланд улсын Шотен хэмээн жижигхэн тосгонд мэндэлжээ. Дайны өмнөхөн тэдний гэр бүл Латви улсаас ирсэн цагаачдыг усан боомт дээр хүлээж аван нууцаар хэл нэвтрүүлэх ажил хийн гэр бүлээ тэжээн амьдардаг байлаа. Гэвч удалгүй түүний эцэг эх нь гэрлэлтээ цуцалсан тул охин ээжтэйгээ хамт амьдрах болов. Түүний ээж нь коммунист үзэл бодолтой хүн байсан тул эцэгтэй нь үзэл бодол таарахгүйн улмаас салж удалгүй өөр нөхөртэй болон Фредди Оверстегенд бага дүү төрүүлж өгсөн байна. Тэдний шинэ гэр бүл элэг бүтэн, аз жаргалтай хийгээд тун боломжийн амьдарч байв.
Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүд
Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд тэдний гэр бүл еврей хосуудыг гэртээ нуудаг байжээ. Улмаар Голландад нацистуудыг эсэргүүцэх үндэсний хөдөлгөөн байгуулагдан тагнуул хийх хүүхдүүд тун хэрэгтэй байсан тул түүний ээж нь том охиндоо зөвшөөрөл өгөн үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдсэн байна. Тэд ихэвчлэн тэсрэх бөмбөг ашиглан төмөр зам дэлбэлж Германчуудын нөөцийг тасалдаг байсан бөгөөд онц тохиолдолд еврей хүүхдүүдийг Германчуудын хорих лагериас хулгайлан тэднийг аюулгүй зөөх ажил хийдэг байлаа. Тэрээр тэнд Ханна Швафт гэх сайн найзтай болж улмаар тэд хамтдаа бүх ажиллагааг гардан хийдэг болжээ. Заримдаа тэд хамтдаа унадаг дугуйтайгаа Герман цэргүүдийг шүршин зугтдаг байсан бол зарим тохиолдолд модон дунд отолт хийн нацистуудыг буудан хөнөөдөг байв. Тэрээр дайны он жилүүдэд нийт 50 орчим нацист цэрэг хөнөөж 140 гаруй еврей хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэж баруун фронтод өөрийнхөө үүргийг бүхий л чадлаараа гүйцэтгэсэн юм.
Дайны дараа
Дайны дараах он жилүүдэд тэрээр нөхөр болон хүүхэдтэй болон эх орондоо тусламжийн байгууллага ажиллуулан амар тайван амьдрах болжээ. Түүнчлэн түүний найз Ханна Швафт нь дайныг дуусгаж амжилгүй нас барсан тул түүний нэрээр сайн үйлсийн сан байгуулан уг санг хариуцан ажиллах болсон юм. 2014 онд Голланд улсын ерөнхий сайд Фредди Оверстегенд дайны загалмай одон гардуулан шагнасан юм. Мөн түүний нэрээр Амстердам хотын нэгэн гудамжийг нэрлэх болсноо илэрхийлжээ. Тэрээр гурван хүүхэд төрүүлсэн бөгөөд 2018 оны 9-р сарын 5-ны өдөр буюу саяхан 93 насандаа хорвоог орхисон байна.