Дэлхийн II дайн: гурван эвслээс хоёр эвсэлд шилжсэн нь
Дайн дайныг л төрүүлдэг буюу хүчирхийлэл хүчирхийллийг л бий болгодог гэдэг аформизийг дэлхийн II дайн ч баталсан. Версалийн гэрээгээр Германыг Европт ноёрхох боломжийг ч бүрдүүлж тэр нь Германд “фашизм” үүсэхэд ч нөлөөлжээ. Орос нь хувьсгалт үйл явцаараа Европоос хөндийрч большевикуудын удирдлага дор хуучин хаант Оросын орыг дарсан Зөвлөлт засагтай Холбооны улсыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлсэн. Оросын нэрт зохиолч Н.Бердеявын “Большевизм бол оросын империализмын III дахь үе шат” хэмээх хэлсэн нь Зөвлөлтийн талаархи бодит тодорхойлолтын нэг. Түүнээс бус “зөвлөлтийн коммунизм” хэмээх нэр томъёо ч тухайн нийгэмд үл зохицох ба “дүр эсгэсэн коммунизм” л тэнд оршин тогтнож байсан. Европт Өрнөдийн капитализм “Евроцентризмыг” дэлхийн бодлогодоо гол болгосон үзэл санаандаа баригдсан хэвээр оршиж түүнийг нь “шүдгүй арслан” манасан байдалтайгаар энэ дайнд орцгоосон. Өрнөдийн капитализм, Зөвлөлтийн большевизм, Германы фашизм гэсэн 3 туйлт ертөнцийн өөр өөрийн сонирхолын зөрчил нь II дайнд хүргэж уг дайны үр дүнгээр дэлхий дахинд маань шинэ дэг журам буюу гурван туйлт ертөнцөөс хоёр туйлт дэг журамд шилжүүлсэн. Өөрөөр .хэлбэл, 3 туйлт дэлхийгээс 2 туйлт дэлхийд шилжсэн.
“Туйл” хэмээх ойлголтыг олонхи судлаачид хэрэглэдэг хэдий ч яг “туйл” гэдэг ойлголтын сонгодог утгаар хэрэглэхэд учир дутагдалтай тул “эвсэл-блок” гэсэн нэр томъёо нь илүү нийлэмжтэй юм. 3 блокийн зөрчил нь II фронт нээх асуудал дээр ч илэрсээр нэлээн хойшлогдож нээгдэв. Хэрвээ Өрнөд хүссэн бол Зүүн Европ, Балканд түрүүлж орох боломж бүрэн байсан түүнийг ашиглахыг хүссэнгүй тэр нь дайны дараа тэнд нөлөөгөө алдах эх суурь нь болжээ. Европын энэ зөрчил нь “хүйтэн дайн” хэмээх шинэ дайныг бий болгож хүн төрөлхтөнг хоёр эвсэлд хуваасан. Ялтын бага хурлаар ирээдүйн Европын хувь заяа, бас Азид хэрхэн дайныг дуусгах гэсэн 2 асуудлыг авч хэлэлцжээ. Бүр 1941 оны 12 сард ЗХУ нь “хоолойндоо хутгатулгуулсан” үедээ ч дайны дараахт асуудлыг хэлэлцэхэд бэлэн гэдгээ Их Британий Гадаад хэргийн сайдад санал болгож байсан ба 1942 оны 5 сард АНУ д энэхүү санааг ЗХУ-ын Гадаад Явдлын Яамны сайдын айлчлалын үед ч илэрхийлж байлаа. Дайны дараахи энхийн асуудлын хувьд Ялт нь “гутамшиг байсан” гэсэн дүгнэлтийг Г.Киссенжир “өөрсдийнхөндөө” хийсэн байдаг.
Учир нь Тегераны уулзалтаар дайны дараахи дэлхийн дэг журмыг ярьсан бол Өрнөдөд илүү ашигтай байх нөхцөлтэй байсан аж. Ялтад бол ЗХУ аль эрт 1941 оныхоо хилийг даваад гарчихсан, Өрнөдийн сонирхлын бүс рүү “орчихсон” байсан. Зүүн Европ, нэн ялангуяа Польшийн асуудал “хэрүүлийн алим” болж, зөрчлийн “үүдийг” нээв. Польшийн асуудал нь Зөвлөлт, Их Британий хооронд асуудал үүсгэхээс бус Зөвлөлт, АНУ-ын хооронд ямар нэг асуудал үүсгэх сэдэв биш байлаа. Тиймээс ч Рузвельт “Польш нь 500 жилийн туршид таагүй байдлын эх сурвалж болж байлаа” хэмээн тодотгосон байдаг. Хаант Орос бол Польшийг уусгах, устгах бодлого барьж байсан бол Зөвлөлт Орос түүнийг тусгаар улс бий болгох зорилго барьсан. Холбоотон 3 их гүрний удирдагч нар дэлхийн дэг журам, дайны дараахи Европын театрын талаар дараахи байр суурийг илэрхийлж байлаа.
Тухайлбал: У.Черчиль: Европт уламжлалт тэнцвэрийг бий болгох саналтай байсан. Энэ Их Британи, Франц, Герман дээр АНУ нэмэгдээд тэрхүү тэнцвэрийг бий болгох зорилготой хэмээн үзэж байлаа. Өөрөөр хэлбэл, ЗХУ- ын эсрэг зогсож чадах блок бий болгох замаар тэнцвэрийг хүсч, Европын хэрэгт АНУ-ыг татан оруулах явдал байлаа. Ф.Рузвельт: ЗХУ, Их Британи, АНУ + Хятад гэсэн хамтын хүчээр дэлхийн тогтвортой байдлыг хангах механизм бүрдүүлэх сонирхолтой байв. Эдгээр нь тогтвортой байдлыг бусниулагч хэнийг ч боловч, тэр тусмаа Германыг хазаарлах үүргийг энэ 4 л хангах ёстой хэмээн үзэж байлаа.
И.Сталин: ЗХУ болон Баруун Европын хооронд өөрийн нөлөө бүхий жийргэвч бүсийг бий болгох замаар аюулгүй байдлаа хангах зорилготой байлаа. АНУ-ын хувьд Баруун Европыг сэргээн босгох хамтын хөтөлбөр, Ленд Лиз, план Маршалл зэрэг нь Европын зах зээлд, тухайлбал Зүүн Европт, бүр цаашлаад ЗХУ-д “хөл тавих”боломжийг нээж байсан тул хамтран ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг бий болгох зорилготой байсан. Рузвельт ч үүндээ итгэсээр байсан. Тухайн үедээ ДНБ-ний 50 хувийг бүтээж байсан улсын хувьд Европыг хэсэгчлэн нөлөөний бүсэд хуваах нь сонирхолгүй байсан байж болох талтай. Харин ч Баруун, Зүүн Европыг, Зөвлөлтийн хамтаар эзэгнэх нь гол зорилго байсан болов уу. АНУ-ын хувьд Англи, Зөвлөлтийн зүгээс Европт нөлөөний хүрээг хуваах гэсэн сонирхол, тэнд Зөвлөлтийн хэт давамгайлсан байдал зэрэг нь таалагдаагүй. Харин АНУ-ын өөрийн сонирхол бол Зүүн Европт эвслийн ардчилсан засагтай, тэнд америк, англичуудын төлөөлөл түлхүү байлгах явдал байсан. 1945 он гэхэд АНУ нь . атомын бөмбөгтэй, ЗХУ нь зөвхөн Баруун Европт л цохилт өгөх хэмжээний чадвартай ба Америкт цохилт өгөх чадваргүй ч Праг, Будапешт, Берлин, Венаг шууд нөлөөндөө барьж байлаа. Москва, Ленинград нь ‘ Хиросимо, Нагасакагийн хувь тавиланг давтахгүй гэх баталгаа байхгүй байсан нь Кремлийг цөмийн аянд шуурхай мордуулж түүнээс улбаалаад хүйтэн дайны зэвсэглэлээр хөөцөлдөх уралдааны эхийг тавьж хоёр блок бүрдэх асуудлыг улам шуурхайллаа.
Түүнчлэн Германы газар нутаг дээр холбоотнуудын өрсөлдөөн ширүүсч, аль хотод хэн нөлөөтэй байх дээрээ тулсан явдал 2 блокийн ялгарлыг улам тодруулсан. Хүйтэн дайны үед цэргийн зардал жилд 1000 млрд.доллар болж 1 минутад 2.0 сая илүү доллар зарж байсан гэсэн үг. Ийм үед 80 сая хүн туйлын ядуу байдалд амь зууж, 500 сая өлсгөлөн хүмүүсээс 50 сая нь үхэж байснаас тэн хагасаас илүү нь хүүхдүүд байсан. Энэ хариуцлагыг зэвсэглэлээр хөөцөлдөгчид тэгш хүлээх л ёстой. Хүйтэн дайны үед буюу 1980 оны дунд гэхэд дэлхийн бүх эрдэмтдийн тэн хагасаас илүү нь устгаж эвдэж алж хядах арга механизмыг бий болгох, боловсруулахад хүчин зүтгэж байсан.
Дайны үр дагавраар бий болсон дэг журмын өөрчлөлт ба Монгол Улс Азид дайныг дуусгахын тулд АНУ богино хугацаанд, хүний бага хохиролтойгоор явуулахыг зорьсон явдал ЗХУ-ыг татан оруулахад хүргэж, тэр нь Зөвлөлтийн Алс Дорнодод алдсан нутгаа эргүүлэн авах сонирхолтой нийцсэн тул талууд богино хугацаанд хоёр талын тохироонд хүрч чдасан ЗХУ нь Хятадыг чөлөөлж, Японоос 1905 онд Хаант Оросын алдсан газар нутгийг эргүүлэн авч, Монголын тусгаар тогтнолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх, Солонгосын хойгт нөлөөгөө тогтоох гэсэн олон асуудлыг шийдэхээр дайнд орсон. Эдгээр нь ЗХУ, АНУ-ын тохироонд бүрэн тусгагдсан асуудлууд байлаа. АНУ нь ЗХУ-ыгЯпоны эсрэг дайнд холбоотноор оролцуулах И.Сталины ямарч болзлыг хүлээн авах нь түүний сонирхолд ямар нэг төвөг учруулахгүй байсан. Атомын бөмбөгийн туршилтыг дор хаяж 6 сарын өмнө амжиж туршсан бол Ялтын бага хурлын үр дагавар арай өөрөөр эргэх магадлалтай байсан бөгөөд үүнээс улбаалаад Монголын хувь заяанд өөрчлөлт орох байсныг үгүйсгэх аргагүй.
Ялтын хурлаар яригдсан асуудпаар ихээхэн хэлэлцүүлэгт тусдаа хийгдсэн тул энэ удаа Дэлхийн шинэ дэг журам, Ази дахь дайн, нэн ялангуяа БНМАУ- ын хувь заяатай холбоотой зарим асуудал дээр судлаачийн саналаа хэлэх гэсэн юм. 1945 оны 8 сарын 24 нд Үндэсний батлан хамгаалах дээд зөвлөл, Гоминдан намын Төв Зөвлөлийн хамтарсан хуралдаан дээр Чан Кай Ши нь Гадаад Монголын тусгаар тоггнолын хүлээн зөвшөөрөнгөө Монгол, Хятадын харилцааг дараахи байдпаар дүгнэж хэлсэн байдаг. Үүнд: “1924 онд Гадаад Монгол нь өөрийн мэндчилгээг Гоминдан намд ирүүлсэн. Тэр үеэс л доктор Сун Ят Сен Монголтой найрсаг, хөрш орны ёсоор хандаж байсан. Монгол нь манайхаас тусдаа аж төрсөөр ирсэн. 1922 онд Гадаад Монгол өөрийн тусгаар тогтнолоо зарласан. Энэ үеэс хойш бараг 25 жил өнгөрч, одоо бол хуучин найрсаг харилцааг сэргээх тун тохиромжтой үе. Тиймээс Гоминдан намын хувьсгалт зарчмын үндсэн дээр бид “Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч түүнтэй найрсаг харилцааг тогтоох ёстой” хэмээн хэлсэн байдаг.
Дэлхийн II дайны үр дүнд бий болсон шинэ дэг журам нь Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг баталгаажуулж, олон улсын харилцааны субъект болох гол нөхцлийг бүрдүүлсэн. Энд ЗХУ- ын үүрэг роль их байсан гэдгийг ч мартаж болохгүй. Азийн чөлөөлөх дайнд Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулж Хятадын Өвөрмонголын районыг чөлөөлөхөд өөрийн хувь нэмрээ оруулсан. Энэ үйлдлээрээ бид өөрсдийн тусгаар тогтнолын асуудлыг “албажуулах” үүрэг гүйцэтгэсэн. Энэ тал дээр бидэнд нэлээн өргөн хүрээтэй сурталчилгаа цаашид ч хэрэгтэй байна. Ингээд Өвөрмонголыг чөлөөлөхөд оролцсон шалтгааныг шинээр өөрсдийн эрх ашиг тулгуурлан дэлгэн харуулж бичиж байх ёстой. “Шорлог үнэртээд байсан чинь илжиг тамгалж байжээ” гэсэн үг нь Өвөр Монголыг нэгтгээд авчих санаатай байсан маршал Х.Чойбалсанд үнэртсэн үнэр төдий байлаа хэмээн Жаргалсайхан гуай дурссан байдаг.
Дүгнэлт
Дэлхийн дэг журам гэдэг нь өөрсдийн нөлөөний хүрээ, ашиг сонирхлын бүсээ тогтоож тохирно гэсэн үг. Дайны дараахи газрын зургийг төрийн тэргүүн, гадаад хэргийн сайд, жанжин штабын дарга гэсэн 3 хүн л зуралцдаг. Дэлхийн дэг журам нь хүчирхийллийг төвлөрүүлж, тогтвортой байдлыг бүс нутаг, глобал, локал түвшинд бий болгож, шууд мөргөлдөөнийг хазаарлах замаар хэлэлцээрийн болон зуучлалын дипломатад түшиглэж дэлхийн бодлогыг явуулах бичигдээгүй хууль бөлгөө. Дэлхийн II дайн нь нийтийн дайсны эсрэг шударга хүн төрөлхтөн хамтран тэмцсэн тэмцэл байлаа. Холбоотон улсууд ч бие биенээ сайтар ойлгосон шалгуур ч байлаа. Тухайлбал, Рузвельт “Зөвлөлтүүд бол хэлсэн үгэндээ эзэн болдог” гэсэн бол Черчиль “ЗХУ-ыг аугаа их холбоотон” хэмээн нэрлэсэн байдаг. АНУ нь Хятадыг дэлхийн бодлого тодорхойлох асуудалд татан оруулж ирсэн. Их Британи нь Евроцентризмыг голлон уламжлалт дэг журмыг хэвээр хадгалахыг хүсч байлаа.
Дэлхийн II дайн нь “Монгол Улсад минь статус кво, хувь хүмүүст маань дээлийн өнгө ногдсон том дайн байлаа” гэсэн манай ахмад дипломатч Жаргалсайханы үг нэгийг хэлэх буй заа. Дэлхийн II дайны үр дүнд И.Сталин: “Ар Монголыг ЗХУ, Хятад хоёрын аль алины мэдэлд оруулахгүй” гэсэн хатуу ам өгсөн. Жил бүр чөлөөлөх дайны ялалтыг Монгол Улс даяар өргөн тэмдэглэж, ач холбогдол, далайц, үр дагаврыг Монголынхоо эрх ашигт нийцүүлэн сурталчлан таниулж байхыг төр засгийн хэмжээнд анхаарах ёстой. Монголын түүхийн сурах бичигт болон ард нийтийн ойлголт чөлөөлөх дайны Монголын оролцоог сайтар гаргаж байх нь чухал юм. Ялангуяа, бид угсаа гарал нэгт Өвөр Монголчуудыгаа чөлөөлөх дайнд оролцож ялалт байгуулсан гэдгээ хойч үедээ сануулж байх нь зүйтэй.
ШУА-ийн Олон Улсын харилцааны хүрээлэнгийн Эрдэмтэн
нарийн бичгийн дарга, доктор К.ДЭМБЭРЭЛ