Бид бүхний зарим нь 2014 онд нээлтээ хийсэн “Nightcrawler” хэмээх уран сайхны киног үзсэн байж болох. Тэгвэл тэр кино нь энгийн нэг хийсвэр зохиол биш бөгөөд бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн бүтээл болно. Түүнийг Ашер Филлинг гэх бөгөөд 20-р зууны АНУ-ын хамгийн нэр хүндтэй эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэг байлаа. Нью Йорк сонины сурвалжлагч тэрээр АНУ-ын түүхэнд цор ганцаар цагдаагийн тусгай богино долгионы радио эзэмших бүрэн эрхтэй сэтгүүлч, зураглаач байсан юм. Мөн тэрээр машиныхаа арын хэсэгт бүх гэрэл нэвтрэх боломжийг хаасан бөгөөд тэндээс хэнд ч харагдахгүйгээр чөлөөтэй гэрэл зураг дарах боломжтой байв. Ашер Филлинг ихэвчлэн шөнийн клубүүдээр ажиллан бусад үед машиндаа богино долгионы радио сонсож цагдаагийн албан хаагчид ноцтой дуудлага хүлээн авбал тэдэнтэй зэрэгцэн хэргийн газарт очдог байлаа.
Түүний намтар гэвэл тун энгийн. 1909 онд тэрээр Австри-Унгарын эзэнт гүрэнд төрсөн боловч гэр бүлийн хамт АНУ-ын Нью Йорк хот уруу цагаачлан иржээ. 14 настайгаасаа гэрэл зургийн газарт ажиллаж эхэлсэн тэрээр 1924 онд сонины гэрэл зургийн студид ажилд орсон ч тун удалгүй ажлаасаа гарч янз бүрийн ажил хийн амьдрах болжээ. Харин 1935 онд Ашер Филлинг чөлөөт уран бүтээлч болохоор шийдсэн бөгөөд хувиараа гэрэл зураг дарах болсон байна. Тэрээр хэлэхдээ “хэн нэгэн надад ажил өгөхийн би огт хүлээдэггүй байсан, өөрөө өөрийнхөө хийх ажлыг би өөрөө л олдог байв. Бүтэн хоёр жилийн турш хотын цагдаагийн газраар эргэлдсэний үр дүнд чухам юу хийхээ олж мэдсэн бөгөөд өөрөө гэрэл зураг бэлдэж хотын сонинуудад зарах ёстой байлаа” хэмээн сүүлд ярьсан байдаг.
3 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсний үр дүнд 1938 онд цагдаагийн богино долгионы радио авах эрхтэй болов. Тухайн цаг үеэс эхлэн тэрээр хамгийн эрэлт хэрэгцээтэй гэрэл зурагчин болж хотын бүх сонинууд түүнийг булаацалдаж эхлэх нь тэр. 1957 оныг хүртэл амьдралынхаа маш олон жилийг чөлөөт гэрэл зурагчны амьдралаар амьдарсан эр хангалттай мөнгө хуримтлуулж чадсан тул Европ уруу аялал хийн алжаалаа тайлахаар явсан байдаг. Гэвч 1946 оны үед түүний сонирхлыг киноны салбар ихээр татсан тул өөрийн гарыг тэр салбарт дүрчхээд явсан байлаа. Хожим 1960 онд АНУ-д буцан очиж Холливуудад хүч үзэн хэд хэдэн киноны зураг авалтад орон чамлахааргүй амжилт байгуулсан байна. Тэрээр хожим 1966 онд Нью Йорк дахь гэртээ зүрхний шигдээсээр нас барсан юм.