Холливудын “Хитмэн” хэмээх кинонд гардаг гол дүрийн дүр төрх санаанд буудаг. Тэгвэл бодит амьдрал дээрх хитмэнүүд тэс өөрөөр үзэгдэнэ. Бирмингамын их сургуулийн судлаачдын олж тогтоосноор ийм ажил хийдэг хүмүүсийг дотор нь дөрөв ангилдаг. Шинэ хүн, сонирхогч, аялагч, мастер гэдэг байна. Энэ зэрэглэлээ дагаад ажлын хөлс нь янз бүр байх аж. Хамгийн доод ханш нь 500 доллар байдаг бол дундаж нь 25 мянган доллар гэнэ. Харин хамгийн үнэтэй захиалга нь 50000 ба түүнээс дээш хэд ч хүрч мэдэх юм.
Бенжамин Сьегел – Ямар ч бүсгүйн харааг булаам царайлаг, дээрэмчдийн загвараар хувцасладаг тэрээр Багси гэх нэрээрээ АНУ-д алдаршжээ. Зарим дээрэмчдийн хувьд бэлгэ тэмдэг нь ч гэж үздэг аж. Тэрээр 1930-аас 1940 оны сүүл үе хүртэл хэдэн арван хүний бодийг хөтөлж байгаад 1947 онд Беверли Хиллс дахь гэртээ хөлсний алуурчны гарт амиа алдсан байна.
Харри Майони – “Хэппи” буюу “Жаргалтай эр” гэдэг нэрээр түүхэнд мөнхөрчээ. Мөн л 30-40-өөд онд бужигнуулж яваад мөнгө хүүлэгч Жорж Радникийг хөнөөсөн хэргээр баривчлагдсан. Нью-Йоркийн Син Син шоронд хоригдож байгаад 1942 онд цаазаар авахуулсан
Фрэнк Аббандандо – “Бүлүүр” хочит Фрэнк Мурдер Инк бүлэглэлийн гишүүн байв. Тэрээр нийт 30 гаруй хүнийг захиалгаар цааш нь харуулсны нэг нь зартай дээрэмчин Фелис Эспозито юм. Хөлсний алуурчин Майонитай адил мөнгө хүүлэгч Жорж Радникийг хөнөөсөн хэрэгт холбогдож, Нью-Йоркийн Син Син шоронд цахилгаан суудал суулгах шийтгэл амссан.
Жэймс Фредрик Бейзли – Австралийн Викториагийн мафийн бүлэглэлийн гишүүн, хөлсний алуурчин Жэймс Бейзлийг бараг л Нед Келлигийн түүхийг давтсан хүн гэдэг. Гэхдээ муу талаараа. Тэрээр 1977 онд хар тамхины эсрэг тэмцэгч Дональд Маккей, 1979 онд Ноён Ази бүлэглэлийн Дуглас, Изабел Уйльсон нарын амийг бүрэлгэх хуйвалдаанд оролцсон хэрэгт холбогджээ. Ингээд шүүхээс хуйвалдаанд оролцсон гэх үндэслэлээр есөн жил, Уйльсоныг бүрэлгэсэн гэх үндэслэлээр бүх насаар нь хорих ялыг хоёр дахин авчээ. Цагдаагийн баримтаас сөхөхөд Бейзли нь Маккейг хөнөөхдөө 10 мянга, Уйльсоныг хөнөөхдөө 20 мянган долларын хөлс авсан гэдэг. Тэрээр 2001 онд 80 гаруй настайдаа магадлангаар суллагдсан бөгөөд шоронгоос гарсныхаа дараа Маккейг хөнөөгөөгүй гэж мэдэгдэж байжээ.
Кристофер Дейл Фланнери – Мөн л Австралийн Мельбурнд “Ноён Түрээсийн гөрөөчин” гэж алдаршсан зартай эр байлаа. Түүний хамгийн үнэтэй ажил нь Сидней хотын хар тамхитай тэмцэх хэлтсийн дарга Мик Дрюрийг 50 мянган доллараар хөнөөхийг завдсан явдал юм. М.Дрюри амьд үлдсэн бөгөөд хэрэг хурцдаж эхлэхэд буюу 1985 оны тавдугаар сард Фланнери ор сураггүй алга болчихжээ.
Чарльз Харрелсон – Холливудад нэрээ цуурайтуулж явсан жүжигчин Вүүди Харрелсоны эцэг Чарльз бас л хөлсний алуурчин хүнд этгээд байжээ. Тэрээр холбооны шүүгчийн аминд хүрсэн хэргээр бүх насаар нь хорих ялыг хоёр дахин оноосон шийтгэлээ эдэлж байгаад 2007 оны гуравдугаар сард Колорадо мужийн Супермакс холбооны шоронд нас барсан гэнэ. Чарльз Харрелсон 1979 оны тавдугаар сард АНУ-ын дүүргийн шүүгч Бага Жон Вүүдийг хөнөөсөн хэргээр ял сонссон юм.
Ричард Куклинский – Түүнийг “Мөсөн хүн” гэж хочилдог байсан юм. Хүйтэн цустай тэрээр нэг хохирогчоо хөлдөөж, амь насыг нь бүрэлгэж байсан аж. Хоёр хүүхдийн эцэг Куклинский бүх насаараа хоригдох ялаа эдэлж байгаад 2006 оны гуравдугаар сард 70 настайдаа нас баржээ. Албаны мэдээнд дурдснаар түүнийг 200 орчим хүнийг захиалгаар хөнөөсөн гэдэг.
Александр Солоник – Оросын хамгийн алдартай хөлсний алуурчин. “Супер алуурчин”, “Аугаа Александр” зэрэг хэд хэдэн сүржин хочтой байв. Тэрээр өмнө нь цагдаад ажиллаж, мэргэн буучийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд хоёр гараараа буудаж чаддаг гайхалтай гэмээр чанартай байсан гэнэ. Цагдаад баригдсан хойноо Оросын гэмт хэргийн ертөнцийн хэд хэдэн том толгойлогчийг устгаснаа хүлээсэн ч захиалагч талаа огт мэдэгдээгүй аж. Солоник 1994 онд баривчлагдсан ч шоронгоос оргож, хэсэгтээ чимээгүй байж байгаад 1997 онд цогцос нь олдсон байна.
Хорхе Ривера Аяла – Хар тамхины хатан хаан гэгдэх Гризельда Бланкогийн хөлсний алуурчин. Тэр зөвхөн Майямид 35 хүний аминд хүрчээ. Аяала хийсэн хэргийнхээ төлөө шоронд хоригдож байгаад 25 жилийн дараа батлан даалтаар суллагдсан байна. Учир нь тэрээр 1993 онд улсын яллагч нартай хуйвалдаж, “Загалмайлсан эх” хочит Бланког барьж, шийтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан учир ийн ялын хөнгөлөлт эдэлжээ. Харин Бланкогийн хувьд 2012 онд АНУ-аас Колумбруу шилжиж байхдаа буудуулан амиа алдсан байна.
Эндрью Веньямин – Гэмт хэргийн ертөнцөд Бенжи нэрээрээ алдаршсан тэрээр Мельбурны гэмт бүлэглэлүүдийн дайн эд өрнөж байхад камказегийн үүрэг гүйцэтгэж, ихээхэн гавъяа байгуулснаар алдаршжээ. Карл Уйлльяамсын дор ажиллаж байхдаа 10 орчим хүний амийг бүрэлгэсэн бөгөөд 2004 оны гуравдугаар сард Карлтон зоогийн газар болсон буудалцааны үеэр Мик Гатто гэх бизнесмэний суманд өртөж, 28 насандаа нас барсан байна.