Номхон далайн хаа нэгтээ хаягдаж төөрсөн 19 настай Алди Новел Адиланг гэх жаал хүү ус хоолны туйлын хомстолтой байсан ч 49 хоногийн турш задгай далайд тэссээр эцэст нь аврагдсан байна. Тэрээр Индонези улсын Сулавеси тосгонд амьдардаг бөгөөд 16 настайгаасаа эхлэн загас агнуурын завинд гэрэлтүүлэгч хийсээр иржээ. Тэд шөнийн цагаар гэрэл гарган загаснуудыг өөртөө татаж улмаар барьдаг аж. Долоо хоног тутам загасны компаниас хүмүүс ирж түүний барьсан загаснуудыг хурааж аван оронд нь түүнд долоо хоног идэх хүнс өгдөг байна. Түүний загас агнуурын хөвдөг завь нь Индонез улсын Сулавеси мужийн өмнөд хэсэгт байдаг 50 хөвдөг завины нэг юм. Тэд арлаас нэг их холдолгүй ойр орчимд загасчлал хийдэг байна. Гэвч 2018 оны 7-р сарын дунд үед түүнийг эргийн орчимд загасчилж байхад хүчтэй далайн шуурга болж хүүг далайн гүн уруу туусан байна. Түүнийг эх орноос нь 125 км-ын зайтай газраас задгай далайгаас олсон юм.
Тэрээр хэлэхдээ түүнд анх ердөө 2-3 өдрийн хоол хүнс байсан бөгөөд хүнс нь дуусмагц өөрийн урцнаасаа мод салган шатааж түүн дээрээ далайгаас барьсан идэж болох бүхнээ шарж идсээр амьд үлджээ. Мөн далайн усыг хувцсаараа шүүж чадлын хэрээрээ давсыг нь шүүдэг байв. Түүнчлэн хамгийн сонирхолтой нь түүнд библи байсан бөгөөд уг библийг түүний найз хэрэв задгай далайд төөрөх юм бол итгэл найдвараа алдаж болохгүй хэмээн захиж дурсгасан байна. Японы Осака хотод байрлах Индонезийн элчин сайдФажар Фирдаус хэлэхдээ “Адиланыг анх олохоос өмнө түүний дэргэдүүр 10 гаруй усан онгоц зөрсөн ч нэг нь ч зогсоогүй. Хамгийн аймшигтай нь хөлгийн багийнхан харсан боловч хараагүй мэт явсан байна. Эцэст нь 8-р сарын 31-ны өдөр Панамын далбаатай MV Arpeggio хэмээх усан онгоц түүнийг хараад тэр даруй аварсан байна.” хэмээн хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ.
Задгай далайд 49 хоног амьдарсны эцэст Адилангд өөрийн амийг егүүтгэх бодол төрсөн байна. Учир нь ямар ч усан онгоц түүнийг аврахгүй байсан тул итгэл найдвараа алдаж эхэлжээ. Гэсэн ч тэрээр дотроо өөрийн эцэг эхийг дэндүү их санаж тэдэнд санаа зовж байсан тул амиа хорлолгүй эцсээ хүртэл итгэхээр шийдсэн байна. Түүнийг Панамын онгоц Японы нутагт буулгаж Японы сайхан сэтгэлтэй хүмүүс хүүг эмнэлэгт хүргэн асарч, тордсоор бүрэн тэнхрүүлж энэ сарын 8-ны өдөр түүнийг онгоцонд суулган гэрт нь хүргэсэн аж.