Дэлхийн нэгдүгээр дайны үед Хаант Орос улс урьд хожид хэний ч харж байгаагүй сүрлэг том зэвсэг зохион бүтээсэн нь “цар” танк байлаа.
1914-1918 оны хооронд үргэлжилсэн дэлхийн дайнд Европын олон улс орон нэгнийхээ эсрэг бүхий л хүчээ шавхан олон сая эрчүүдийнхээ цусыг урсгасан гашуун түүхтэй. Үүнтэй зэрэгцэн дайны явцад дэлхийн олон орнууд шинэ төрлийн зэвсэг зохион бүтээхээр тэмүүлж байлаа. Жишээлбэл Их Британичууд газар уснаа явагч танкыг туршиж байсан бол Америкчууд анхны хуягт танкыг бараг зохион бүтээгээд байв. Орос улс ч мөн үүнээс дутаагүй юм.
Тухайн үед ашиглагдаж байсан танкнууд ихэвчилэн ижилхэн загвартай байсан бөгөөд хоёр талын гинжин түлгүүр нь асар том бүтэцтэй бөгөөд энэ нь танкны моторыг хамгаалахаас гадна ард буй явган цэргүүдийг бууны сумнаас халхаж өгдөг байв.
Гэхдээ эдгээр танкнуудыг алийг ч Оросын “цар” танктай харьцуулашгүй юм. Оросуудын зохиосон уг зэвсэг нь 9 метр өндөртэй бөгөөд 90 тонн жин татаж байлаа. Хоёр талдаа асар том хэмжээний хоёр том хөдөлгүүртэй бөгөөд үүнийг бүтээх ажлыг Оросын гүн Nikolay Lebedenko анхнаас нь дэмжиж зохион бүтээгч Nikolai Zhukovsky гардаж хийсэн байдаг.
Түүнчлэн уг танк нь дайсны явган цэргүүдээс хамгаалах зориулалтаар орой дээрээ автомат буутай бөгөөд багийн гишүүд нь арван хүнээс бүрддэг байв. Харин хоёр хөдөлгүүр тус бүр 250 морины хүчин чадалтай бөгөөд цагт 17 км газрыг туулах хүчин чадалтай эд байлаа. Уг төсөл нь гүн Nikolay Lebedenko болон эзэн хаан Николай 2-т туун таалагдсан тул 250,000 рубли буюу 125,000 орчим долларын санхүүжилт олгож байсан түүхтэй.
Дайны эд үе буюу 1915 оны 8-р сарын 27-ны өдөр уг танкны анхны загвар бэлэн болж туршихаар шийдэв. Уг туршилтыг үзэхээр Оросын хэд хэдэн ноёдууд зорин ирсэн байдаг боловч туршилтын үр дүн тийм ч сайн болсонгүй. Аварга том танк чигээрээ явж байгаад мод мөргөн зогссон байна. Ухрах гэтэл мотор нь ухарч дийлэлгүй байсаар хэт хүчтэй угзартал ард байрлах намагт суусан аж. Харин уг аварга том танк намгаас гарах гэж хичнэн хичээсэн боловч гарж чадаагүй тэндээ бүрмөсөн үлдсэн байдаг.
“Цар” танк нь харахад сүр ихтэй боловч хуяг байхгүй тул ганц их бууны суманд өрөөсөн мотороо алдах бүрэн боломжтой байжээ. Ядаж л адуу ч туулаад гарчих шавраас гарч чадахгүй байсныг нь үзээд ноёдууд уг төслийг ямар ч үр дүнгүй төсөл гэж үзэн бүрмөсөн хаасан байдаг.