Тожо Хидеки нь 20-р зууны дунд үед Гитлерээс дутуугүй дэлхий нийтэд аюул, аймшгаараа алдартай нэгэн байсан юм. Тэрээр амьд явах хугацаандаа Японы эзэн хааны армын ерөнхий командлагч, эзэн хааны удирдлагын академийн тэргүүн болон Японы улсын ерөнхий сайдын албыг тус тус хашиж байлаа. Дэлхийн дайны үе буюу 1941 оны 10-р сарын 21-ны өдрөөс эхлэн 1944 оны 7-р сарын 22-ны өдрийг хүртэл тэрээр Японы ерөнхий сайдын албыг тус тус хашсан нэгэн. Түүний халзан толгой болон уруулан дээрх сахал нь номхон далайд тулалдаж буй Америк цэргүүдийн хувьд хамгийн танил байсан бөгөөд АНУ-ын батлан хамгаалах яам түүний царайг дайны үзэл суртлын машиндаа ашиглаж байсан юм. Түүнийг Японы цэргийн аймшигт дарангуйлагч хэмээн цэргүүддээ итгүүлж хэрэв уг эрийг зогсоохгүй бол дэлхий тэр чигтээ түүний өмнө сөхөрнө хэмээн итгүүлдэг байлаа. 1944 онд үнэхээр ч дөнгөж 18 нас хүрээд Номхон далайд тулалдаж буй Америк залуучууд түүнээс үхтлээ айж хэрэв ялагдвал эх орон, гэр бүлд нь ямар ирээдүй учрахыг төсөөлж ч чадахгүй байсан тул бүхий л чадлаараа амиа хайрлалгүй Япончуудтай тулалдсан байдаг.
Тэрээр 1937 онд Квантуны армын ахлагч болохоосоо өмнө Манжид алба хаасан бөгөөд тухайн үед өөрийнхөө улс төрийн байр суурийг баттай болгосон юм. Тэрээр 7-р сард БНХУ-уруу дайрах дайралтад хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Тожо өөрийн шууд удирдлагаар 2 арми цэрэг дагуулан Өвөрмонголын нутаг дэвсгэрийг эзлэх тулаанд оролцсон байдаг. Энэ нь түүний оролцсон цор ганц тулаан болон түүхэнд үлджээ. Түүнийг БНХУ-уруу дайрсны дараа тус улсын ардчилсан засгийн газрын хүч нөлөө уналтад орж өөрийн засаг захиргааны эрх мэдлээ алдан Хятад улс олон хуваагдаж Япончуудад эзлэгдэхэд улам бүр амархан болжээ. Хятад дахь ажиллагаа амжилттай болсон тул тэрээр 1938 онд Токиод буцан батлан хамгаалахын дэд сайд болж улмаар 1940 оны 7-р сард батлан хамгаалах яамны сайд болсон байна. Батлан хамгаалахын сайд болоод хамгийн эхэнд дэлхийн нөгөө өнцөгт орших Герман болон Итали улсуудтай холбоотны гэрээ байгуулж бүх дэлхийг захирах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд нэг алхам ойртсон юм. Уг ажлыг нь эзэн хаан өндрөөр үнэлж 1941 оны 10-р сард түүнийг Япон улсын ерөнхий сайдаар томилсон түүхтэй.
Зөвхөн түүний шийдвэрээр л Япон улс нь АНУ болон Их Британи, Энэтхэгтэй 1941 оны 12-р сард дайн зарласан байдаг. Дайны эхэнд байгуулж байсан түүний ялалтууд нь үнэхээр гайхамшигтай байсан тул Японы ард түмэн энэ бүхнийг хувьд тавилан хэмээн бат итгэх болжээ. Улмаар тэр ерөнхий сайд, батлан хамгаалахын сайд, аж үйлдвэр, гадаад харилцаа зэрэг бүх яамдуудыг ганцаараа толгойлох болов. Гэвч үнэн хэрэгтээ тэрээр Муссолини, Гитлер, Сталин зэрэг хүмүүсээс ялгаатай нь огт дарангуйлагч байгаагүй юм. Тэрээр цэргийн мэргэжилтэй, улс төрч хүн бөгөөд хуулийн дагуу л эрх мэдэл эдэлж байв.
1944 онд Сайпан арлыг Америкчуудад алдсаны дараа түүнийг төрхийн эрхээс хүчээр зайлуулсан байдаг. Учир нь эзэн хааны ордонд түүний эсрэг маргаан цаг минут тутам болж байсан тул эзэн хаан ч залхсан байна. Харин эзэн хаан дайнд ялагдаж байгаа шалтгааныг түүнээс эрж түүний буруу хэмээн үзсэн байдаг. Уг явдлаас 1 жилийн дараа Япончууд АНУ-д бууж өгөн энхийн гэрээнд гарын үсэг зурав. 1948 оны 12-р сарын 23-ны өдөр ялсан орны дүрмийн дагуу түүнийг дайны гэмт хэрэгтэн хэмээн үзэж дүүжлэн хороожээ. Түүнийг АНУ дайны А зэрэглэлийн гэмт хэрэгтнүүдийн жагсаалтад оруулсан бөгөөд уг жагсаалтад нийт 14 хүний нэр багтдаг байна. Гэвч Японы эзэн хааны ордонд өнөөдрийг хүртэл түүний зураг хүндэт самбар дээр байсаар байна.