1975 оноос өмнө Исланд улсын эмэгтэйчүүдийн дийлэнх хувь нь ажил хийдэггүй байсан бөгөөд тэд зөвхөн хүүхэд харж гэрийн ажил л хийдэг байв. Харин ажил хийдэг эмэгтэй хүмүүс эрчүүдийн авдаг цалингийн 60 хувьтай л тэнцэх мөнгө авдаг байлаа. Энэ байдал 20-р зуун гарсан цагаас хойш үргэлжилсэн тул тухайн тус улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хамгийн том таван байгууллага нэгдэн ямар нэгэн арга хэмжээ авахаар шийдсэн байдаг. Эдгээр байгууллагууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үндэсний хороо хэмээр байгууллага байгуулан чухам ямар аргаар тэмцэхээ бодсоны эцэст бүх нийтийн ажил хаялт зарлахаар болжээ. Уг ажил хаялтыг 1975 оны 10-р сарын 24-ны өдөр зарласан бөгөөд тухайн өдрийг хүртэл бүхий л сонин, радио, телевизүүдээр уг ажлаа сурталчилсан байна. Энэ нь ч үр дүнгээ өгч улс орон даяар бүх эмэгтэйчүүдийн сонорт хүрч амжсан байдаг.
Хүлээсэн мөч буюу 1975 оны 10-р сарын 24-ны өдөр болоход санаанд оромгүй үр дүн гарчээ. Тус улсын эмэгтэйчүүдийн 90 хувь нь уг хөдөлгөөнд нэгдэж тэд гэрийн ажил, хүүхэд харах болон бусад бүх ажлуудаа хаяж гудамжинд гарч жагссан байна. Маш олон үйлдвэрүүд зогсож утасны сүлжээ болон сонингийн газрууд бүхэлдээ ажиллахаа больжээ. Мөн театр болон сургуулиудын үйл ажиллагаа бүрэн зогссон юм. Учир нь эдгээр салбаруудад эмэгтэйчүүд эрчүүдээсээ илүү олноор ажилладаг байсан хэрэг. Хамгийн санаанд оромгүй зүйл болсон нь улс орон даяар иргэний агаарын тээврийн онгоцнуудын нислэг цуцлагджээ. Учир нь шалган нэвтрүүлэх ажилчид бүгд эмэгтэйчүүд байсан юм.
Тус өдөр Исланд улсын 220,000 гаруй эмэгтэйчүүдээс 25,000 хүн нийслэл Рэйкжавик хотын төв талбайд гарч жагссан байдаг. Тус жагсаалд нийгмийн бүх давхаргын эмэгтэйчүүд байсны дотор Исландын парламентын хоёр эмэгтэй гишүүн ч мөн багтжээ. Тэд засгийн газрын ордны өмнө бүхэл өдөржин чанга яригчаар эмэгтэйчүүдийн эрхийн тухай ярилцаж дуу хоолойгоо олон нийтэд хүргэсэн аж. Харин хүүхдүүдийн хувьд тэдний аавууд нь хүүхдүүдээ дагуулан тус өдөр ажилдаа явсан байна. Учир нь бүх цэцэрлэг болон өдөр өнжүүлэх газрууд үүдээ барьжээ. Маргааш нь гэхэд Исланд улс даяар хүнсний бэлэн бүтээгдэхүүн, лаазалсан бүтээгдэхүүн болон хиам тэр чигтээ дууссан нь эрэгтэйчүүдэд эхнэрүүд нь хоол хийж өгөөгүй тул тэд өлссөндөө бүх дэлгүүрийн лангууг хоосолсон юм.
Уг явдлаас яг нэг жилийн дараа Исландын парламент эмэгтэй хүмүүс болон эрчүүдийн эрхийг хуулиараа тэгш болгож заасан байна. Тэд эрэгтэйчүүдтэй яг ижилхэн цалин авч ажил олдох явдал ч ихэссэн тул тэдний өрнүүлсэн хөдөлгөөн үнэхээр үр дүнд хүрсэн гэж хэлж болно. Мөн 1980 онд буюу уг жагсаалаас 5 жилийн дараа Исланд улс хүн төрөлхтний түүхэнд анх удаа ардчилсан сонгуулиар эмэгтэй хүнийг сонгосон улс болсон байдаг.