Ниелс Хенрик Дэвид Бохр хэмээх уг эр нь 1885-1962 оны хооронд амьдарч байсан бөгөөд Данийн алдартай физикч байлаа. Тэрээр атомын бүтцийн онолыг зохиож үүгээрээ 1922 онд нобелийн шагнал авсан юм. Түүнчлэн зөвхөн физикчээс гадна хүмүүний амьдралын мөн чанарыг бясалгадаг философич хүн байсан байна. Нобелийн шагнал авахад хүргэсэн нээлтийг нь Бохрын загвар гэх нэрээр нь өнөөгийн хүмүүс илүү сайн мэднэ. Энэ нь ямар учиртай гэвэл электроны энергийн давхаргууд нь салангид байх бөгөөд атомын цөмийн давхаргад байрлах тойрог замын дагуу эргэлддэг боловч нэг энергийн давхаргаас нөгөө уруу шилжих боломжтой байдаг гэх онол юм.
Мөн тэрээр 1920 онд Данийн нийслэл Копенгхам хотын их сургуульд хамгийн анх онолын физикийн сургуулийг байгуулсан байдаг. Одоо уг сургуулийг Нэйл Бохрын институт хэмээн нэрлэдэг аж. Түүнчлэн тэрээр Ханс Крамер, Оскар Клейн, Жорж де Хевеси, Вернер Хайсанберг зэрэг олон эрдэмтэдтэй хамтран ажиллаж заримд нь бүр зөвлөх хийж байсан юм. Мөн санаандгүй байдлаар цоо шинэ химийн элемент нээсэн нь циркон байсан бөгөөд үүнийг одоогийн хүмүүсийн зарим нь гоёл чимэглэл, үнэт чулуу болгон хэрэглэдэг байна.
Харин 1930 оны үед Герман улсад нацистууд эрх мэдэлтэй болж еврейчүүдийг ялгаварлаж эхлэх үеэр эрдэмтэн эр еврейчүүдэд туслах ажил хийдэг байв. Гэвч Дани улс дэлхийн хоёрдугаар дайны үед Германчуудад бүрэн эзлэгдсэн байдаг. Тэрээр тухайн үед нэрт эрдэмтэн Хайсанбергтэй ганцаарчилсан уулзалт хийсэн байдаг бөгөөд тухайн үед яг юу ярьсан нь одоо ч нууц хэвээр. Гэхдээ хамгийн чухал зүйл гэвэл Хайсанберг нь Германы цөмийн зэвсэг бүтээх төслийн удирдагч эрдэмтэн байжээ. 1943 онд фашизмын эсрэг үйл хэрэг хийж байгаад Германчуудад баригдсан боловч нэн даруй Швед уруу зугтаж тэндээсээ Их Британи уруу усан онгоцоор очсон байдаг. Тэнд очсон даруйдаа Их Британы цөмийн зэвсэг бүтээх багт ажиллах болсон юм. Уг ажил нь холбоотон болох АНУ-ын давхар санхүүжүүлэлттэй, хамтын ажиллагаатай маш том төсөл байлаа. Дайны дараа түүнийг олон улсын цөмийн энергийн хамтын ажиллагааны байгууллагаас дуудсан байдаг. Уг уулзалтын дараа эх орондоо буцаж очин Дани улсын хамгийн анхны цөмийн энергийн газрын дарга болж улмаар 1957 онд Скандинавын хойгийн бүс нутгийн онолын физикийн байгууллагын захирал болсон түүхтэй.
Ерөнхийдөө дайны жилүүдэд гэрээсээ хол байсныг эс тооцвол 1932 оноос 1962 онд нас барах хүртлээ Дани дахь өөрийн гэртээ амьдарсан юм. Түүний гэрээс ердөө хэдхэн метр зайд дэлхийн алдарт Карлсберг пивоны үйлдвэр байсан бөгөөд 1922 онд түүнийг физикийн салбарт нобелийн шагнал авах үед тус компаныхан түүнийг насан туршид нь шар айргаар үнэгүй дайлуулах эрхээр шагнасан байдаг. Үүний амлалт болж үйлдвэрээсээ түүний гэр уруу газар доогуур шугам татаж нэг цорго нээхэд л шинэхэн Карлсберг шар айраг түүнийг угтдаг байсан гэдэг.