Дайны өмнө манай гэр бүл Ленинградын төвд амьдарч байсан бөгөөд эцэг эх маань Балтийн үйлдвэрт ажилладаг байв. Миний эгч, ах нар цэцэрлэгт яван, харин би ихэвчлэн Валдайгаас холгүй орших Дубровка тосгонд өвөө, эмээтэйгээ амьдардаг байлаа. Дайн эхлэх үед би 4 настай байв. Зам дагуу манай машинууд ухран, тэдний өөдөөс ногоон төмөр малгайтай германы мотоциклчид давхилдан, тэд автомат буугаар машинууд болон айлуудын цонх руу шүршдэг байсныг сайн санаж байна.
Фронтын шугам дээр байсан учраас удалгүй биднийг Дубровкоос нүүлгэн шилжүүллээ. Бид Лужно тосгонд ирж, айлын халуун усны байшинд байрлав. Өвөө маань гэдэсний хижиг тусан удалгүй өөд боллоо. Тэр үед маш их өлсдөг байв. Хэрэв талбай дээрээс ганц нэг хөлдүү төмс олвол эмээ маань шарж жигнэн надад өгдөг байлаа. Хааяа немцүүд хээрийн гал тогооноосоо жаахан шөл хүртээдэг байсан бөгөөд намайг нэг удаа шөлөнд явсан хойгуур эмээ маань талийгаач болчихсон байв. Дараахан нь немцүүд над мэтийн өнчин үлдсэн хүүхдүүдийг цуглуулан Новгород руу хүүхдийн асрамжийн газарт илгээлээ. Хэд хоногийн дараа еврей, цыган хүүхдүүдийг ялган авч явсан бөгөөд нааран дээр надтай зэрэгцэн унтдаг байсан цыган охин ч тэдэн дотор оров. Тэднийг бүгдийг нь хашаан дотор ухсан том нүхэнд амьдаар нь булсан билээ. Хүүхдүүдийн орилж чарлахыг сонсохгүйн тулд бид чихээ гараараа таглаж байсан юм. Нүхний дээдэх шороо хэдэн өдөр овгонон хөдөлж байсныг санаж байна.
Асрамжийн газар бид нэг жил орчим амьдарлаа. Хүмүүжүүлэгчид нь орос эмэгтэйчүүд байсан бөгөөд тэдний зарим нь биднийг их өрөвддөг байв. Гэвч идэх зүйл бараг байхгүй учраас тэд өрөвдлөө гээд яаж ч чадахгүй байлаа. Хааяахан ганц зүсэм талх үйрмэгтэй өгнө. Би өлсгөлөнгөөс болж хавагнан, явж ч чадахаа болив. Нэгэн удаа том биетэй, ууртай нэг асрагч эмэгтэй миний гараас идэх юмыг маань шүүрч аваад: “Тэртэй тэргүй үхэхээс хойш!” гэж билээ. Дараа нь немцүүд хүүхдүүдийг тэндхийн оршин суугчдад тарааж өгөхөөр шийдлээ. Би ээжийгээ ирчих болов уу хэмээн хүлээж, өөр хүмүүс рүү очихыг хүссэнгүй. Гэвч эцэст нь, өнчин намайг Федор Павлович, Евдокия Федоровна Богдановых хэмээх хүүхэдгүй хижээл хосуудад өгөхөөр болов. Тэд намайг яг л өөрийн охин мэт хүлээн авч, маш эелдэг хандаж байлаа. Гэвч үнэхээр хэцүү цаг үе байсан учраас ганц нэг хөлдүү төмс, элдэв өвс ургамлаар гол зогооцгоож байв. Нэг удаа гудамжинд морь суманд өртөн унангуут тал бүрээс баахан өлсгөлөн хүмүүс гүйлдэж очин, хормын дотор л түүнээс зөвхөн цусан толбоноос өөр юм үлдээгүй билээ.
Үнэхээр аймшгийн хүнд хэцүү цаг үе байсан хэдий ч хэнийд нь ч орсон хэрчим бин, халбага шөл гээд юу байгаагаасаа л илүүчилдэг байсан юм. Хэрэв хүмүүсийн энэхүү сайхан сэтгэл байгаагүйсэн бол би тэр үед амьд үлдэж чадахгүй байсан биз ээ. 1943 онд бүх оршин суугчдыг Герман руу хөөж эхэлсэн тул миний өргөж авсан эцэг эх маань намайг аван орон гэрээсээ дүрвэхэд хүрэв. Бид зэргэлдээ тосгодоор нуугдан амьдарч, ядаж байхад, тэр үед би ханиалга өвчин тусчихсан байлаа… Гэвч удаан хугацаанд нуугдан зугатаж чадсангүй, немцүүд бүгдийг толгой дараалан илрүүлж, бид бусдын адил Арал руу туугдав. Ахиад л еврей, цыгануудыг ялгаж аваад, биднийг ачааны галт тэргэнд чихэн барууныг зүглэлээ.
Өвөл болон, бүгд даарч хөрөн өлсгөлөнгөөр шаналж байв. Өргөж авсан эцэг эх маань надад байгаа бүхнээ илүүчлэн идүүлж, халуун илчээрээ дулаацуулж байлаа. Гуталчин мэргэжилтэй Федор аав маань гэртээ байхдаа надад жигтэйхэн дулаахан эсгий гутал оёж өмсгөсөн нь ийм үед аминд орж байв. Барууныг зорих замд олон хүмүүс оргохыг оролдон, галт тэрэгний шалыг эвдлэн яваан дунд нь харайж, тэдний араас немцүүд буудаж байсныг санаж байна. Тэднээс хэн нэгэн нь зугтаж чадсан эсэхийг бүү мэд. Польшид хүрэн зогсох хүртэл биднийг нэг ч удаа хооллосонгүй. Польшид бүгдийг нь хуваарилах хэсэгт хүргэн, өвчтэй сул дорой хүмүүсийг чандрын байшин руу илгээж, үлдсэнийг нь халуун усанд оруулан, бөөстэй хувцсыг нь буцалгаж, дараа нь ахиад л галт тэргэнд ачин хөдөллөө.
Биднийг Баруун Германд аваачиж, нэгэн хотын захад байрлах өргөст торон хашаатай лагерьт байрлуулав. Бид ногоон өнгөөр будсан банзан том байшингуудад амьдарч эхэллээ. Нэг байшинд нь эрчүүд, нөгөө байранд нь эмэгтэйчүүд хүүхдүүдийн хамт байрлаж байв. Бид гурван давхар нааран дээр унтдаг байсан бөгөөд томчууд үйлдвэрт ажиллан, хүүхдүүд лагерийн орчин тойрноо цэвэрлэнгээ гал тогоонд тусалдаг байлаа. Үйлдвэрт ажиллагсад орой үхтлээ ядраад, үг дуугарах ч тэнхэлгүй болчихсон ирдэг байсан хэдий ч хүүхдүүдээ хараад ялимгүй сэргэж, сэтгэл санаа нь дулаацдаг байсан юм.
Биднийг өдөрт хоёр удаа талхгүй чанамал хивгээр хооллон, гал тогооны эмэгтэйчүүд хэрчим шар манжин хүүхдүүдэд илүүчлэхийг хичээнэ. Гэвч ажил тарах үед гал тогооны ажилчдыг немцүүд хатуу чанга нэгжиж шалган, халааснаас нь ямар нэгэн идчихмээр юм гарч ирвэл үхтэл нь балбадаг байлаа. Харин хамгаалагчдын дотор нэгэн доголон хижээл немец байсан бөгөөд тэр хэзээ ч шалгахгүй, халаас нь түнтгэр байхыг харвал “Хурдан яв, яв!” гэж гараараа зангадаг байсан юм. Бидний байранд немцүүдэд хов зөөдөг нэгэн орос эмэгтэй байлаа. Тэрээр хэн юу ярьсан, хэн юу авчирсан гээд бүгдийн тухай хошуу өргөнө. Нэг өглөө би бие засах газар орохоор явахдаа нөгөө эмэгтэйг бохирын цооног дээр толгойгоо унжуулчихсан хэвтэж байхыг харав. Би айсандаа хашгиран гүйж орж иртэл эмэгтэйчүүд амыг маань гараараа таглан, дуугүй байхыг санууллаа. Харин хов зөөгч эмэгтэйг хэн бүрэлгэснийг немцүүд мэдэж чадаагүй билээ.
1945 оны 5-р сард биднийг америкчууд чөлөөлөн, халуун ус, угаалгын газар, гуанз бүхий өөрсдийн хуарандаа авчран, сайн хооллож ундлаад, Америк руу явахыг ятгаж эхэллээ. Миний өргөмөл эцэг эх маань тэдний саналыг зөвшөөрөөгүй учраас бид намар нь эх орон руугаа буцсан юм. Арал дээр биднийг ойр орчмын тосгодод хуваарилж, бид Бирюсовын хөдөө аж ахуйн зөвлөлийн Грызавино тосгонд суурьшихаар болов. Би 8 нас хүрсэн учраас тэндхийн дунд сургуульд явж эхэллээ. Амьдрал маань аажмаар сайжран, аав ээж хоёр маань намайг гэдэс цатгалан, мөр бүтэн байлгахын төлөө чадлаараа хичээж байсан юм. Өөрийн жинхэнэ эцэг эхээ ч би аль хэдийн мартчихсан байлаа.
Тэр үед миний төрсөн ээж маань өөрийн бяцхан хар Галягаа хаа сайгүй эрж хайсаар байсан аж. Ингээд нэгэн сайхан нарлаг өдөр би хичээлээ давтан сууж байтал хөршийн хүүхдүүд хашгиралдан гүйж ирлээ:
-Галя, ээж чинь ирчихлээ!
“Юун бас ээж билээ?” гэж би машид гайхав.
Уг нь баярлах ёстой байтал бүгдийн хувьд жинхэнэ эмгэнэлт явдал болох нь тэр. Аав маань тэвчилгүй гэрээсээ гараад явчихлаа. Би хоёр ээжийнхээ дунд суун, хотын идээ будаанд ч хүрэлгүй, хуруугаа мушгирсаар суув.
Төрсөн ээж маань цор ганцаар үлдсэн талаараа ярин, өргөж авсан ээжийг маань ятган уярааж чадав. Хүүхдийн цэцэрлэг дээр бөмбөг унах үед ах эгч нар маань амь үрэгдэн, аав маань фронтод яваад эргэж ирээгүй аж. Ингээд 1945 оны 12-р сард ахин Ленинградад ирлээ. Би өргөж авсан ээжийгээ санан, цаг үргэлж уйлан, төрсөн ээждээ огт дасч өгөхгүй байв. Дайны өмнөх амьдралаасаа би ослоор хуруугүй болсон нагац ах Иваныг л санаж байсан тул “Хэрэв хуруугүй Ваня ах хүрээд ирэх юм бол би таныг жинхэнэ ээжээ гэж итгэх болно” гэлээ. Ваня ах өөр хотод амьдардаг байсан хэдий ч хүрээд ирсэн тул өөрийн мартагдсан ээждээ итгэн, түүнд дасахаас аргагүй болов. Гэвч хоёр жилийн дараа ээж маань хүндээр өвчлөн, би хагас жилийн турш эмнэлэг гэр хоёрын хооронд явахад хүрлээ. Ээж маань намайг очих болгонд л амттанаар дайлахыг хичээнэ. Дараа нь ээж маань нас барж, 11 настайдаа би ахиад л өнчрөн үлдэв. Грызавино руу хэд хэдэн удаа захидал бичсэн боловч Федор аав, Дуся ээж хоёроос хариу ирсэнгүй. Магадгүй, тэд маань хаа нэг өөр тийшээ нүүсэн ч байж болох юм. Новгородын асрамжийн газрын аймшигт дүр зураглал бяцхан оюунд маань бат шингэж үлдсэн тул хүүхэд асрах газар руу яагаад ч явахгүй байхаар шийдлээ.
Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг надад олгохоор болсон тул түүгээр амьдарч эхлэв. Хөршүүд маань ч их тусалж, санаа тавьдаг байлаа. Хичээлээсээ ирэх үед эндхийн ч, тэндхийн ч цонхноос хашгиран:
-Галя, хүрч ирээд унд уу! гэлцэн, байгаа зүйлсээрээ дайлдаг байв.
16 настайдаа 6-р ангиа төгсөөд ажил хийхээр болов. Тамара Андреевна багш маань: “Олзонд байсан тухайгаа хэнд ч ярьж болохгүй шүү! Бөөнөөр хорих лагерийн талаар ам ангайж огт болохгүй!” хэмээн аминчлан захилаа. Би ч хэлсэн ёсоор нь огт ам нээсэнгүй. Бүх л анкет дээрээ “Олзлогдож байгаагүй” гэж бичиж байлаа. Харин 1988 онд фашистын бөөнөөр хорих лагерьт бага насандаа хоригдож байсан хүмүүст хөнгөлөлт эдлүүлэх тухай зарлангуут Улсын Аюулгүйн Зөвлөлд хандахаар зориглов. Тэндээс миний насаараа ажиллаж байгаа үйлдвэр рүү утасдсан нь боловсон хүчний хэлтэст бөөн асуудал дэгдээх нь тэр! Олзлогдож байсан хүн яахаараа ийм чухал үйлдвэрт ажиллаж байдаг билээ гээд л. Хэдийгээр би бүр багадаа, 4-8 насандаа олзонд байсан хэдий ч үйлдвэрээ орхихоос аргагүйд хүрсэн юм. Надад их гомдолтой байлаа. Тэр дайн, бөөнөөр хорих лагерь тэртээ хойно ч миний амьдралд хар сүүдрээ тусгасан нь үнэхээр хэзээ ч аньдаггүй шарх мэт санагдсан билээ. Миний өргөж авсан аав Федор, ээж Дуся нар маань байгаагүйсэн бол би яагаад ч өнөөдрийн өдөртэй золгохгүй байх байсан биз. Мэдээж, тэд маань одоо байхгүй болсон. Гэвч би тэднийгээ амьдралын сүүлчийн мөчөө хүртэл дурсан санасаар байх болно.