Энд өгүүлэх түүх одоогоос бараг 250 гаруй жилийн өмнө тохиолдсон юм. XYIII зууны хоёрдугаар хагас аж үйлдвэрийн салбарт уурын тэрэг нэвтэрснээрээ хүн төрөлхтний хөдөлмөрийн бүтээмжийг эрс нэмэгдүүлж эхлэв. Уг санаачлага анх нэлээн эрт эхэлсэн боловч сүүлд 1760-аад онд Шотландын зохион бүтээгч-инженер Жеймс Уатт хөдөлгүүрийг улам боловсронгуй болгож хүмүүсийн ажлыг илүү хялбаршуулав. Тиймээс түүнийг уурын тэрэгний загалмайлсан эцэг хэмээн дуудах нь ч бий. Одоо өгүүлэх энэ түүх нь тэр хүний тухай ба хэрэглэгч юуны төлөө мөнгө төлдгийг тод томруун харуулж чаджээ.
Нэгэн удаа Уаттыг уурын том тэрэгний эвдрэлийг оношлуулахаар нэгэн компани урьсан байна. Уг тэрэгний эзэд сул зогсолтоос болж нэлээн их алдагдалд орон, өчнөөн инженерүүдээр үзүүлсэн боловч хэн нь ч засч чадаагүй тул эцэст нь аргаа баран хамгийн үнэтэй бөгөөд мэргэжлийн хүн болох Уаттыг урьж залсан байна. Тэд эвдрэлийг засаж өгсөн тохиолдолд түүнд 1000 доллар бамалсан байдаг. Тухайн үеийн 1000 доллар нь одоогийнхоор 125 мянган доллартай тэнцэж байгаа юм.
Гэтэл хүлээсэн мөч ирэхэд Уатт уг уурын тэргийг гурван удаа тойрч харснаа, том лантуу авчирч өгөхийг хүсчээ. Ингээд лантуу авчирч өгтөл, тэрээр маш хичээнгүй хэмжиж байснаа машины гадаргууны нэгэн хэсэгт лантуугаараа ганц хүчтэй цохисон байна. “Одоо ажиллуулж болно” гэж хэлсэн бөгөөд үнэхээр ч машин саадгүй ажиллаад эхэлжээ. Үүний дараа л жинхэнэ сонирхолтой зүйл өрнөсөн байдаг. Лантуугаар ганц цохисных нь төлөө 1000 доллар төлөх нь тэдэнд хайран, бас дээр нь өөрсдөө үнэхээр үгээр илэрхийлхийн аргагүй тэнэг мэдрэмж авах байсан тул бага зэрэг заль ашиглахаар шийдсэн аж. Компанын удирдлагууд дараа нь заргалдахын тулд Уаттыг авах ёстой мөнгөнийхөө тооцоог бичээд өгөөч хэмээн хүссэн байна. Харин Уатт дараах зүйлийг бичжээ: “Лантуугаар нэг цохисны төлбөрт 1 доллар, хаана цохихыг тогтоосон мэдлэгт нь 999 доллар” гэж бичээд амласан мөнгийг нь бүтэн авч чадсан аж.