АНУ-ын усан онгоц дайсандаа олзлогдож өнөөдрийг хүртэл дайсныхаа нутаг дэвсгэр дээр үзмэр болон байсаар байгаа ганцхан тохиолдол байдаг нь тэртээх 1968 оны 1-р сарын 23-ны өдөр болсон үйл явдалтай холбоотой юм. Тэр жилийн тэр өдөр АНУ-ын тэнгисийн флотын “USS Peublo Ger 2” хэмээх байлдааны усан онгоц Засгийн Газрын зааварчилгаар Японы тэнгисээс хөндлөн аялаж Хятадын тэнгисийн бүс нутгаар газар зүйн бүтэц, усан дахь химийн эрдэс бодисын хэмжээг тогтоох гэх мэт шинжлэх ухааны судалгааны ажил хийж явжээ. Шинжлэх ухааны хайгуулын явцад тэд Хойд Солонгос болон Хятадын далайн бүс нутгаар явах байсан тул АНУ-ын тэнгисийн цэргийн албанаас аюулгүй байдлыг нь хангах үүднээс далай судлалын 3 эрдэмтэнд тусгай зориулалтын жижиг оврын байлдааны хөлөг онгоцыг багийнх нь 80 усан цэрэгтэй хамт илгээсэн байдаг.
1968 оны 1-р сарын 23-ны өдөр хөлөг онгоц Хойд Солонгосын далайн эргээс 50 орчим км-ын зайтай аялаж байтал гэнэт Хойд Солонгосын тугтай сөнөөгч хөлөг онгоц тэднийг чиглэн ирсэн байна. Радио холбоогоор Солонгосоор “бууж өг” хэмээн зарлахад Америкийн тэнгисийн цэргүүд чиглэлээ өөрчлөн зугтах гэсэн боловч дайсны хөлөг онгоц гал нээжээ эхэлсэн аж. Тэдний усан онгоц болон зэвсэглэл Хойдуудаас мултрах араггүй байсан тул багийн гишүүд бүгд зэвсгээ хаян усан онгоцоо зогсоосон байдаг.
Хойд Солонгосын албаныхан тухайн өдрөө бууж олзлогдсон цэргүүдийг нийслэл Пхеньян хотод зөөн байцаалт авч эхэлсэн байдаг. Багийн гишүүд бүгд ямар нэгэн дайсагналцсан зорилго агуулаагүй, судалгааны багийг хамгаалж явсан гэдгээ хэлсэн байна. Хойд Солонгосын тал 3н эрдэмтний бичиг баримтыг шалгаж дуусаад тэднийг үнэн ярьж байгааг ойлгосон бөгөөд дараачийн өдөр нь нийслэл хотын ойролцоо орших засгийн газрын байгууламж уруу бүгдийг нь зөөсөн байдаг. Тэнд тэднийг хүчээр Хойд Солонгосын суртал ухуулгийн хэрэгсэл болгон ашиглаж эхлэв. Тэдний зургийг дарж “Ажилчин тариачны армын эрчүүд Америкийн капиталист тагнуулуудыг баатарлагаар олзоллоо”хэмээх гарчигтай зургийг Хойд Солонгос даяар түгээж эхлэв.
Харин уг суртал ухуулгын зурагт нэгэн цэрэг “дунд хуруугаа” гарган авахуулсан байдаг бөгөөд Хойд Солонгосын талынхан үүнийг нь ямар учиртайг асуухад тэрээр “Би Хавай мужаас ирсэн, манай нутгийн заншилаар бол найрсаг харилцаагаа илэрхийлж байгаагийн хэлбэр” хэмээн хариулжээ. Үүнд нь Хойд Солонгосын талынхан итгэж уг суртал ухуулга бүхий зургийг эх орон даяараа тарааж эхэлсэн байна.
Удаан хугацааны турш АНУ-ын Засгийн газар Хойд Солонгосын талтай тэднийд барьцаалагдсан 83 хүнээ аврах гэрээ хэлцэл хийсний үр дүнд 1968 оны 12-р сарын 23-ны өдөр буюу 11 сарын дараа хэлэлцээр амжилттайгаар төгсжээ. Тэр өдөр Хойд Солонгос болон Өмнөд Солонгос хиллэдэг гүүрээр 83 гишүүнийг нэг нэгээр нь Хойд Солонгосын тал уруу алхуулан явуулсан байдаг. Харин “USS Peublo Ger 2” усан онгоцны тухайд Хойд Солонгос эргүүлэн өгөхөөс эрс татгалзсан байна. Иймд тус усан онгоц нь өнөөдрийг хүртэл Хойд Солонгосын нийслэл хотын боомтод музей маягаар байсаар байдаг аж. Энэ нь тухайн ард түмэн Америк гэх хүчирхэг капиталист гүрний цэргийн хэрэгслийг эзэлж, ялж явсан гэдгийг ард түмэндээ үеийн үед сануулах зорилготой суртал ухуулгын хэрэгсэл болон оршсоор байна.