Дэлхийн 1-р дайнд оролцсон” Монгол “ хөлөг онгоц. АНУ 1903 онд Атлантын далайн нөгөө эрэгт буюу АНУ-ын Нью-Йоркт “New York Ship Building” гэдэг компани 13300 тоннын усан түрц, 1818 хүний багтаамжтай ачаа, зорчигч тээврийн томоохон усан онгоц үйлдэж, нэрийг нь “USS Mongolia” хэмээжээ. Дэлхийн I дайн эхэлсэн 1914 оноос эхлэн Америкийн “Монгол” хэмээх холбоотны усан онгоц холбоотон гүрнүүдийн цэргийн хүнс, зэр зэвсгийг зөөж Атлантын далайг хөндлөн гулд явах болжээ.
1917 оны гуравдугаар сард Германы арми Атлантын далайн зүүнтээ буюу Их Британийн баруун эрэгт шумбагч онгоцуудаар хориглолт хийн далайн зүгээс Хуучин тив рүү батганын толгой багтах зайгүй болгон холбоотнуудыг сандаргахад “USS Mongolia” онгоцыг 155 мм-ийн гурван их буугаар тоноглож илгээсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 19-нд Английн хоолойд тэдгээр буугаараа суман мөндөр буулгаж, өрөмний өт шиг баригддаггүй Германы шумбагчийг устгасан байна. Ингэснээр “Монгол” нь Дэлхийн I дайн эхэлсэнээс хойш задгай далайд америкчуудын хийсэн хамгийн анхны буудлагын эзэн болж түүхэнд алдаршсан юм. Дайн дуустал цэрэг, зэвсэг зөөж Атлантын далайг олон гаталсан бөгөөд энэ дайнд хамгийн их ажил амжуулсан хөлөг онгоц болж түүхэнд бичигдсэн гэдэг.
Мөн Их Британи болон Францын эрэг дагуу 34 өдрийн нүүлгэн шилжүүлэх ажиллагаа хийж 33,000 мянган хүний амийг аварсан байдаг. Харин дайны дараа 1923 онд уг онгоцыг дуудлага худалдагаар оруулж АНУ-ын нэгэн баян эмэгтэйд зарсан боловч тэрээр онгоцыг бараг ашиглалгүй байсаар 1938 онд Монгол хөлөг онгоцыг дүү онгоц болох Манж хэмээх нэртэй онгоцтой хамт БНХАУ-д хямд үнээр худалдсан юм. Тухайн цагаас хойш Шанхайн ойр орчимд худалдааны ажил хийж байгаад 1946 онд усан онгоцыг хуучин төмрийн үйлдвэрт хүргэн бүрэн устгалд оруулсан байна.