Орчин цагийн Франц улсын үндэс суурийг тавьсан суут жанжин, төрийн зүтгэлтэн Наполеон Бонапарт 1769 оны наймдугаар сарын 15-нд Корсик арлын Аяччо сууринд Флоренцээс гаралтай орон нутгийн шүүгч Карло Буонапартегийн 13 хүүхдийн хоёр дахь нь болж төржээ. Түүнийг төрөхөөс жилийн өмнө Генуягийн бүгд найрамдах улс өөрийн мэдлийн Францын хаан Луид 40 сая франкаар арилжжээ. Бага сургуульд италиар бичиг үсэгт нэвтэрсэн Наполеон 10 настайдаа л франц хэл сурч эхэлсэн бөгөөд насан туршдаа содон итали аялгаар ярьдаг байсан гэдэг.
Корсикийн язгууртнууд Карло Буонапартег Парис дахь төлөөлөгчөөрөө сонгосны дараа тэрээр Наполеоныг дагуулан Францыг зорьж, коллеж, улмаар цэргийн кадетын сургуульд оруулж чаджээ. Гарамгай ой тогтоолттой тэрээр математик, газар зүй, түүхийн хичээлд шилдэг сурагч болсон бөгөөд Македоны Александр, Юлий Цезар зэрэг эртний домогт жанжнуудын намтрыг бишрэн уншдаг байсан аж. Гэтэл түүний эцэг нэгэн концессын гэрээгээр acap их мөнгө зээлээд эцэст нь төлбөрийн чадваргүй болж өрөнд баригдсаныхаа дараахан өөд болжээ. Ядуурсан гэр бүлийнхээ тэргүүн болсон 16 настай Наполеон сургуулиа дүүргээд их бууны ангийн бага дэслэгч цолтойгоор цэргийн алба хашиж эхлэхдээ цалингийнхаа талыг ээждээ илгээн тарчигхан амьдарч, өдөрт ганц удаа л хооллодог байжээ.
Францын хувьсгал ялсны дараахан тэрээр 1793 онд 24 насандаа анхны тулалдаанаа удирдаж гарамгай ялалт байгуулж алдаршсан аж. Францын хаанд үнэнч роялистууд Тулоныг эзлэн авч, хувьсгалчид стратегийн чухал ач холбогдолтой тус хотыг удаа дараа довтолсон ч амжилт эс олжээ. Эцэст нь хувьсгалчид давшилтыг залуухан ахмад Наполеон Бонапартаар удирдуулаад үзэхээр шийджээ. Түүний удирдсан итгэл төгс ялалтыг нүдээрээ харсан Огюстен Робеспьер өөрийн ах, Францын хувьсгалын удирдагч Максимиллиан Робеспьерт Наполеоны тухай анх дуулгасан байдаг. Тулоныг чөлөөлснийхөө төлөө тэрээр бригадын генерал цол хүртсэн юм.
Үүнээс хоёрхон жилийн дараа 1795 онд Парист гарсан бослогыг шуурхай дарж, дивизийн генерал цолтойгоор Францын армийн ар талын хүчний командлагчаар томилогджээ. Армид маш их нөлөөтэй болсон Наполеон 1799 онд төрийн эргэлт хийж Францын нэгдүгээр консулын албан тушаалтайгаар бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн аж. Дарангуйлагч дэглэм тогтоосон тэрээр Францын банкийг үүсгэн байгуулж, иргэний хуулийг санаачлан батлуулах зэргээр хэд хэдэн чухал шинэчлэлийг хийсэн байдаг. 1804 оны тавдугаар сарын 18-нд түүнийг Францын хаанаар өргөмжилжээ. Үүний дараа тэрээр хэд хэдэн амжилттай дайн хийж, Францыг Европ тивийн хамгийн хүчирхэг гүрэн болгосон юм.
Гэвч Францын флот далайн ноёрхлын төлөө Их Британитай амжилтгүй дайтаж, дээр нь 1812 онд Оросын эсрэг их дайнд ялагдсанаар түүний цогцлоосон гүрний сүйрэл эхэлжээ. Наполеон 1814 онд хаан ширээнээсээ буухад хүрч, дайнд ялалт байгуулсан холбоотон улсууд түүнийг Элба арал руу цөлсөн юм. Гэвч тэрээр жилийн дараа Элбагаас оргож Парист хүрэлцэн ирж дахин хаан ширээнд заларсан билээ.
Үүнээс зуун хоногийн дараа тэрээр үнэнч хуучин гвардийн цэргүүдээ удирдан Европын холбоотнуудын нэгдсэн армитай Ватерлоод тулалдан ялагдсан юм. Холбоотнууд түүнийг Гэгээн Еленагийн арал руу цөлж, маш чанд хамгаалалттайгаар бүх насаар нь хорьжээ. Нэгдсэн Европыг цогцлоох их үйлсэд бүхнээ зориулсан Наполеон бөглүү арал дээр төрсөн шигээ 1821 оны тавдугаар сарын 5-нд 52 насандаа мөн л арал дээр өөд болжээ.