2006 онд Австрали улсын засгийн газар цахим аюулгүй байдлын төсөвтөө нийт 84 сая доллар зарцуулсан байна. Үүнд хиймэл дагуулын мэдээллийн сангийн аюулгүй байдал хийгээд нийгмийн ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн садар самуун вебсайтууд зэрэг маш олон зүйлсээс ард түмнээ хамгаалах учиртай ажил байв. Асар их хөрөнгө мөнгө зарцуулж нэг жилийн турш Энэтхэг болон Австрали улсын шилдэг мэргэжилтнүүдээр өндөр түвшний хамгаалалттай сүлжээ бүтээв. Бүр Энэтхэгийн компанийн төлөөлөгчид уг системийг Хойд Солонгос, Орос, Хятад гээд аль ч улсын хүчирхэг хакер эвдэж чадахгүй хэмээн амласан байна.
Гэвч 2007 оны зун Австрали улсын иргэн 16 настай Том Вүүд хэмээх хүү тус улс 84 сая доллар зарцуулан бүтээсэн цахим аюулгүй байдлын системийг бүхлээр нь хакердсан байна. Хамгийн утгагүй нь гэвэл бүх хамгаалалтын системийг нэг их кодоор хийсэн тул аль нэг хэсгийн хамгаалалт уруу нь нэвтрэхэд бүхэл бүтэн сүлжээг аюулд оруулах боломжтой байлаа. Иймд Австралийн тагнуулын ерөнхий газар чухам хэн нэвтрэв хэмээн яаралтай эрэн сурвалжлах ажиллагаа явуулсны эцэст Сидней хотын 16 настай хүү энэ бүхний ард байсныг олж тогтоожээ. Хүүгээс байцаалт авах үед удахгүй коллежид орох хүү өөрөө IT салбарыг их сонирхдог болж таарав. Хамгийн хачирхалтай нь засгийн газрын хамгаалалтын систем нь түүний ордог насанд хүрэгчдийн цахим хуудсыг хаасан тул тэрээр тийш нэвтрэхийн тулд бүх аргийг хэрэглэн улмаар интернетээр асар их судалгаа хийсний үр дүнд нэвтрэх аргаа зохион бүтээж нэвтэрсэн байна.
Засгийн газрын зүгээс ийм муу хамгаалалтын систем зохион бүтээснийг нь дайснууд нь мэдэхээс өмнө уг өөрсдийн орны иргэн мэдсэнд нь туйлын их баярлаж байгаагаа илэрхийлэн жинхэнэ эх оронч иргэн хэмээн магтуулсан байна. Мөн түүний эцэг эх нь ч хүүгээрээ бахархаж байсан бөгөөд садар самуун сайтын асуудлаар хэн ч түүнийг зэмлээгүй аж. Одоо Том Вүүд цахим аюулгүй байдлын салбарт АНУ-ын нэгэн томоохон компанид ажилладаг гэнэ. Мөн түүний чадварыг тус улс маш өндрөөр үнэлсэн тул хүүгийн бүх хувийн мэдээллийг цахим ертөнцөөс бүрмөсөн устгасан байдаг аж.