2009 онд “телеграфиндиа” сонины тэргүүн нүүрэнд Жэйсон болон Женни нар энд ирээгүйд бурхандаа талархъя хэмээх өвөрмөц гарчигтай нийтлэл нийтлэгдсэн байна. Учир нь эдгээр хосуудыг зарим хүмүүс дэлхий дээрх хамгийн азтай хосууд гэж үздэг бол зарим хэсэг нь тэдний явсан газар үргэлж дэлхийн хэмжээний сүйрэл тохиож асар их үхэл дагуулдаг хэмээн үздэг аж. 2000 онд гэр бүл болсон эдгээр хоёр хосын түүх ийнхүү эхэлсэн юм. Их Британы уугуул иргэд болох хоёр хос 2001 оны 9-р сард АНУ-ын Нью Йорк хотыг үзэхээр тийш зугаалсан бөгөөд дэлхийн худалдааны төвийг үзэж байхад нь тус байгууламж террорист халдлагад өртсөн байна. Тэд тухайн үед аз болж 3 давхарт байсан бөгөөд бүхий л хурдаараа зугтан гарч чадсан байдаг.
Уг аймшигт явдлаас амьд үлдсэн тэд уг явдлаас хойш АНУ-д ажилд орон тэндээ суурьшин амьдрахаар болсон аж. Харин 2005 оны 7-р сарын 7-ны өдөр тэд хамтдаа амралтаа аван төрсөн нутаг Их Британы нийслэл Лондон хотноо очин амрахаар явжээ. Гэвч тэднийг очсон өдөр дөрвөн амиа золиослогч этгээдүүд тус хотын газар доорх автобусны сүлжээнд тэсрэх бөмбөгтэй дайралт хийн том хэмжээний дэлбэрэлт үүсгэн олон хүн амиа алджээ. Яг уг халдлагын үеэр хосууд мөн л газар доорх автобусны сүлжээнд байж таарсан юм. Аз тохиож амьд үлдсэн хосууд өөрсдөдөө ч итгэсэнгүй. Тэд хамтдаа хоёр ч аймшигт халдлагаас амьд үлдсэн нь үнэхээр гайхалтай санагдсан аж.
Харин хамгийн сүүлд 2008 оны 11-р сарын 26-ны өдөр мөн л хосууд амралтаа аван Энэтхэгийн Мумбай хотын хөл хөдөлгөөнт дүүргийг зорьсон байдаг. Хосууд шөнө дунд орон нутгийн шөнийн клубд бүжиглэж байтал гэнэт асар хүчтэй дэлбэрэлт болж байшин нурсан байна. Гэвч урьдын адил хосууд ямар ч бэртэл авалгүй эсэн мэнд үлдсэн байна. Тус халдлагаар 400 гаруй хүн амиа алдсан байдаг аж. Тэдний эргэн тойрны хүмүүс хосуудыг удаа дараа халдлагад өртөн эсэн мэнд үлдсэнийг нь магтан гайхаж хэвлэлийн байгууллагад хандан хосуудын түүх дэлхий нийтэд тарсан байна. Зарим хүмүүс тоглоом болгон тэднийг гэрийн хорионд хийх ёстой хэмээн үзсэн бол зарим хэсэг нь тэднийг шоронд хорих ёстой, үүнээс илүү нотолгоо гэж хаа ч үгүй гэх зэргээр бичсэн аж.