ОХУ-ын Номхон далайтай хиллэх зүүн эргийн Находка хотын ойролцоо 100 гаруй халим торонд хоригдсон байдалтайгаар олдсон байна.
Эдгээр халимуудыг бүгдийг нь хууль бусаар хүний гарт төвлөрүүлж байсан бөгөөд ОХУ-ын батлан хамгаалах яам шинэ төрлийн дрон туршиж үүгээр зүүн хязгаарын хилээ шалган туршилтын нислэг хийж байх үедээ илрүүлжээ.
Улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдэн очиж шалгатал тухайн газарт нийт 101 халим байгааг олж тогтоосон бөгөөд энэ нь манай дэлхий дээрх хамгийн олон халимыг нэг дор цуглуулсан газар болохыг тогтоосон байна. ОХУ-ын прокурорын байгууллага уг асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Харин ОХУ-ын амьтны эрхийн хөдөлгөөний гишүүд мэдэгдэхдээ эдгээр халимнуудыг БНХАУ-ын усан парк болон бусад төрлийн үзвэр үйлчилгээний газрууд уруу хууль бусаар зардаг хэмээн мэдээлээд байна.
Учир нь Хятадад нийт 60 гаруй усан парк байдаг бөгөөд одоо ч нэмэж баригдсаар байгаа тул тус тоо цаашид ч нэмэгдэхээр байгаа юм. Нэг том халимны хууль бус ханш 6 сая доллартой байдаг тухай албаны эх сурвалжууд мэдэгдсэн байна.
1982 оны НҮБ-ын хурлаар дэлхий нийтээр халим агнуурыг хориглосон байдаг. Халимыг зөвхөн шинжлэх ухааны нээлт хийх болон боловсролын салбарт зориулан агнахаас бусад бүх төрлийг хатуу хоригложээ.
Үүний дагуу ОХУ-д халим барих эрхээ авсан 4 компани байдаг бөгөөд тэд 2013-2016 оны хооронд нийт 13 халимыг БНХАУ-уруу гаргасан байдаг. Харин уг халимны шоронгийн эзэд өөрсдийн хийж буй зүйлээ халимнуудыг хамгаалж байгаа хэмээн мэдэгдсэн байна.
Учир нь байгаль дэлхий ихээр бохирдсон тул тэд бие даан амьдрах чадваргүй болсон гэжээ. Гэвч тэдний өгсөн мэдүүлэг нь ердөө өөрсдийгөө хамгаалах шалтаг төдий зүйл, ямар ч үндэслэлгүй хэмээн цагдаагийнхан үзэж байгаа аж.