2018 оны 11-р сарын 12-ны өдөр АНУ-ын иргэн болох 26 настай Жон Аллен Чау Энэтхэгийн харьяанд байдаг Андаманы бүлэг арлуудын нэг болох Умард Сентинел арал уруу Христын шашин сурталчилхаар яваад орон нутгийн иргэдэд нум сумаар харвуулан амиа алдсан байна. Тус аралд 30 мянга орчим жилийн өмнөөс хүн төрөлхтөн амьдарч эхэлсэн бөгөөд гадаад ертөнцийн соёл иргэншлээс бүрэн харилцаа холбоогоо тасалсан хүмүүс амьдардаг аж. Тэдэнтэй харилцаа тогтоохыг хүссэн хэнтэй ч тэд зэвсгийн хүчээр хатуу арга хэмжээ авдаг тул Энэтхэг улс хуулиараа тэднийг дархан заатай болгосон юм. Харин Христын номлогч эр орон нутгийн загасчдад 350 доллар төлөн хууль бусаар тус арал уруу яваад нум суманд харвуулан амиа алджээ. Энэтхэгийн цагдаагийн газрынхан түүний цогцсыг уг арлаас авах гэж хичээсэн боловч хэрхэн авах арга замаа одоог хүртэл олоогүй л байна.
Тэгвэл эртний овог аймгуудын эрхийг хамгаалах хөдөлгөөн болох Survival International багууллага Чаугийн цогцсыг авалгүйгээр тус арал дээр нь орхихыг Энэтхэгийн эрх баригчдад санал болгосон байна. Энэтхэгийн хэсэг антропологичид, зохиолчид мөн ижил утгатай мэдэгдлийг Даваа гарагт гаргасан байна. Тэдний мэдэгдэлд Сентинел арлын оршин суугчдын эрх ашгийг хүндэтгэн үзэж, ямарваа зөрчил, аюул занал учруулахаас зайлсхийх хэрэгтэй гэсэн юм. Учир нь шашны номлогч эр өөрөө тус улсын хууль дүрмийг зөрчин амиа хорлосон хэмээн үзэж болох хангалттай үндэслэл байгаа аж.
Чаугийн тэмдэглэлд өгүүлснээр тэр алагдахынхаа урд өдөр Сентинел аралд хүрч хэсэг хугацаанд саатсан байна. Тэр үед арлын зэвсэглэсэн иргэд түүнийг хөнөөхөөр ирж сүрдүүлсэн гэнэ. Гэвч Чау тэдэнтэй харилцахыг оролдож, Африкийн өмнөд нутгийнхны хэлээр ярьж, бэлэг өгөх гэсэн байна. Оролдлого үр дүнгүй болсон тул тэр өдөртөө арлаас явжээ. Маргааш өглөө нь Чау арлын эрэгт дахин хөл тавихад түүний дээрээс суман мөндөр буусан байна. Сентинелчүүд жуулчны цогцсыг аллага болсны маргааш нь эргийн элсэнд булж орхижээ.