Райан Уайт бол АНУ-д ДОХ-оор өвчилсөн анхны хүүхэд. Тэрээр 1971 оны арванхоёрдугаар сарын 16-нд Индиана мужийн Кокомо хотод төржээ. Америкт дөнгөж төрсөн хүүхдүүдэд хөвч таслах буюу circumcision хагалгаа хийдэг аж. Райаныг дөнгөж төрсний дараа уламжлал ёсоор ийм хагалгаа хийсэн ч хүндрэл гарч, эмч нар гурван хоног цус алдалтыг зогсоож чадсангүй. Эмч нар оёдол тавьж, бүх арга хэмжээг авсан ч цус алдалт зогссонгүй. Гурав дахь хоног дээрээ Райаныг Индианаполис хотын томоохон эмнэлэгт шилжүүлэх шийдвэр гаргасан байна.
“Хүү маань маш их цус алдсан. Түүнийг өөр эмнэлэгт хүргэхэд эмч нар “Хүү тань амьд гарч чадна гэдэгт итгэлгүй байна. Сэтгэл зүйн бэлтгэлтэй байгаарай” гэж хэлсэн хэмээн Райаны ээж Жин Уайт дурсан ярьдаг. Азаар хүү амьд үлддэг ч эмч нар түүнд гемофильтэй гэсэн онош тавьжээ. Цусны хүнд хэлбэрийн гемофиль өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн бие махбодод цус бүлэгнэлтийн фактор хэмээх уурагт бодис огт нийлэгждэггүй учир уурагт бодисын байнгын дутагдалд орж, улмаар дотогш гадагшаа их хэмжээний цус алддаг байна.
Үүний дараа Райан цус бүлэгнэх эмчилгээг сард хоёр, гурван удаа хийлгэдэг байсан бөгөөд ингэхийн тулд ээж нь өөр хот руу авч явдаг байв. Райаныг таван нас хүрэхэд нь эмчилгээг гэрийн нөхцөлд хэрхэн хийж болох аргыг эмч нар ээжид нь зааж өгснөөр хүү, ээж хоёрын ачаа бага зэрэг хөнгөрөв. Харамсалтай нь 1984 онд эмчилгээний явцад цусны сийвэнгээр дамжин Райан ХДХВ-ийн халдвар авчээ. Райан ХДХВ-ийн халдварыг цусаар авсан нь гэдэг нь тодорхой болсны дараа Америк даяар цусны банкуудыг хянахын тулд хатуу арга хэмжээ авч эхэлсэн юм. 1984 оны арванхоёрдугаар сард Райаныг 13 настай байхад нь түүнд үхлийн аюултай ДОХ өвчний онош тавьсан байна.
Райан Кокомо хотод амьдарч, хөрш зэргэлдээ байрладаг Рашавилле хотын дунд сургуульд VI ангид сурч байв. Гэвч аюулт өвчин хүүгийн дархлалын системийг гэмтээн, 1985 оны хавар сургуулиа завсарлахаас өөр аргагүйд хүрчээ. Тэрээр намар сургуульдаа орох гэсэн боловч сургуулийн захиргаа түүнийг хичээлд явахыг хориглов. Учир нь 379 сурагчтэй энэ сургууль ийм эрсдэлтэй тохиолдлоос урьдчилан сэргийлэх боломжгүй гэж үзсэн юм.
ДОХ-ын халдвартай хүүхэд тус сургуульд сурч байгааг мэдсэн эцэг эхчүүд сургуулийн захиргааны шийдвэрийг дэмжиж, 50 гаруй багш Райаныг хичээлд суулгах хэрэггүй гэсэн саналыг мөн дэмжив. Мужийн нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд ДОХ-ын халдвар хамт амьдрах, ажиллах, суралцахад халдварлахгүй гэж сургуулийн захиргааг ятгах гэж оролдсон боловч шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдсэн юм.
Райан болон түүний ээж сургуулийн захиргааны шийдвэрийг давж заалдсаны ачаар мужийн шүүх ХДХВ/ДОХ-ийн халдвар агаар, дуслын замаар дамждаггүй учир түүнийг сургуульд явж болно гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэр гарсан өдөр Райаны 14 насны төрсөн өдөр тохиож байсан юм. Тэрээр энэ бол миний төрсөн өдрөөр авсан хамгийн үнэтэй бэлэг гэжээ. Райан хүүгийн түүх Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд өртөж, түүний талаар “Нью-Йорк таймс” болон “Вашингтон пост” зэрэг томоохон сонинуудад нийтлэх болов.
Удаан хугацааны дараа Райан хүү сургуульд эргэн ирсэн тэр өдөр түүний ангийнханы тэн хагас нь хичээлдээ ирээгүй юм. Учир нь эцэг эхчүүд ДОХ-ын халдвартай хүүхэдтэй нэг ангид хүүхдээ сургахаас татгалзав. Бидний хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд боловсрол авах эрхээсээ Райаны улмаас яагаад татгалзах хэрэгтэй гэж эцэг эхчүүд үзэж байв.
Улмаар эцэг эхчүүд Хауардын дүүргийн шүүхэд хандав. Шүүхээр Индиана мужийн 1949 оны хуулийн дагуу халдварт өвчтэй хүн сургуульд сурах боломжгүй гэсэн заалтыг үндэслэн эрхийг нь хорих шийдвэр гаргав. Райан хүү ингээд ахиад л сургуульд явах эрхгүй болсон юм.
Шүүх ажиллагааны явцад гурван эмнэлэг урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн авбал Райаны өвчин халдварлахгүй гэсэн онош гаргажээ. Шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээх зуур Райан харилцаа холбооны тусламжтайгаар хичээлээ сурч байв. Эцэст нь шүүх Райаныг сургуульд сурахыг хорих үндэслэл байхгүй гэж үзэн өмнөх шийдвэрийг хүчингүй болгожээ. Тус шийдвэр гарснаас хоёр цагийн дараа Райан сургуульдаа очсон ч үүнийг эсэргүүцсэн бүлэг эцэг эх хүүхдүүдээ сургуулиас гаргасан байна.
Сургуулийн захиргаа эцэг эхчүүдийн сэтгэл санааг тайван байлгахын тулд Райанд тусдаа бие засах газар гарган өгч, түүний хэрэглэсэн хуванцар савыг даруй хаядаг байжээ. “Олон нийтийн дунд ДОХ-ын талаар ойлголт дутмаг байсан учир би ялгаварлан гадууралт, айдас, худал хуурмагийг алхам тутамдаа мэдэрдэг байсан. Намайг аюултай нэгэн, ээжийг маань арчаагүй хэмээн дууддаг байсан. Сүмд хүртэл хүмүүс миний хажууд сууж, надтай гар барихаас жийрхийдэг байсан” гэж Райан хэлжээ.
Үзэн ядалт, гадуурхалт, доромжлолтой Райан байнга тулгардаг байв. “Би ч, миний гэр бүл ч эдгээр хүнд гомддоггүй. Учир нь тэд өөрсдийнхөө мунхаг байдлын золиос болсон” хэмээн тэрээр ярьсан байна. 1987 онд Уайтынхан төрөлх хотоосоо нүүхээр шийддэг. Тэд Сисеро хэмээн жижигхэн хот руу нүүжээ. Энэ талаар Райан “Би Кокомод үхэхийг хүсэхгүй байна. Намайг тэнд оршуулаасай гэж хүсэхгүй байна. Сисерод тайван, амгалан. Надад энэ таалагддаг” гэж хэлжээ.
Уайтын гэр бүл Сисеро хотод ирсэн энэ үед сургуулийн захиргаа сурагчид, эцэг эх, багш нарын дунд ДОХ-ын боловсрол олгох сургалт зохион байгуулжээ. 1987 оны наймдугаар сард Райан Сисеро хотын сургуульд ороход бүгд түүнийг халуун дотноор хүлээн авч, хэн ч түүнээс айж зугтаагүй байна. Мөн оны намар Сисеро хотод Райан Уайтын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв. Үүний дараа Индиана мужийн захирагч ДОХ-ын талаар мэдлэг, боловсрол олгоход үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн Райан Уайт болон түүний ээжийг “Эр зориг” медалиар шагнасан аж.
“Анх удаа би намайг дэмжих тусалдаг сургууль, найз нөхөд бий гэдгийг мэдэрсэн. Би аз жаргалтай байна. Одоо л би жирийн нэгэн сурагч боллоо” гэж Райан хэлж байжээ.
Райан ахлах сургуулиа төгсөж, Индиана их сургуульд элсэн орохыг мөрөөддөг байсан ч биеийн байдлаасаа болж элсэж чадаагүй юм. Ахлах сургуулиа төгссөн жил Райан 41 кг-ийн жинтэй, 150 см өндөртэй байв. Үүнийг үл хамааран Райан ДОХ-той хүмүүсийн эрхийг хамгаалах үйлсээ үргэлжлүүлсээр байв.
Чөлөөт цагаараа Райан сэлэх, ролик унах, бейсболын тоглолт үзэх дуртай байжээ. “Райаныг анх ХДХВ-ийн халдвартай гэж оношлоход тэрээр олны анхаарлын төвд орсон. ХДХВ түүний хүүхэд насыг авч одсон. Райан хүүхдийн биетэй том хүн болж хувирсан” гэж түүний ээж дурсдаг юм.
Райан хүүгийн амьдралын тухай “Райан Уайтын түүх” кино гарсны дараа Элтон Жон, Майкл Жексон зэрэг олны танил эрхмүүд Райантай найзалжээ. Элтон Жон сард нэг удаа түүнийг эргэж, Зул сарын баяраар Флорида дахь Диснейлэнд руу хүүгийн гэр бүлийнхэнтэй зугаалав. Түүнчлэн усан спортын тамирчин Грег Луганис үндэсний аварга шалгаруулах тэмцээний алтан медалиа түүнд бэлэглэжээ. Харин дуучин Майкл Жексон түүнд өөрийн хайртай машин “Мустанг”-аа бэлэглэсэн байна. 1989 оны арванхоёрдугаар сард Райан 18 дахь төрсөн өдрөө тэмдэглэсэн. Энэ үед түүний эрүүл мэнд улам доройтож, цусан дахь ялтсын тоо буурчээ. Бие нь муу байсан ч Райан шинэ оныг Майкл Жексоны Калифорни дахь Санта Барбара эдлэн газар гэр бүлийнхээ дунд тэмдэглэх боломж олдов.
1990 оын гуравдугаар сарын 29-нд Райаны биеийн байдал улам муудаж, эмнэлэгт хүргэгдэв. Энэ үед түүний биеийн байдлыг мэдэхээр эмнэлэгт дэд ерөнхийлөгч Дэн Куэйл, сенатч Эдвард Кеннеди, жүжигчид, хөгжимчид, зохиолчид, тамирчид зэрэг алдартнууд иржээ. Райан хамгийн сайн найзаа хэмээн нэрлэсэн Элтон Жон эмнэлэгт дуу хураагуураа авчирч Райаны хамгийн дуртай дуунуудыг хэдэн цагаар ч хамаагүй тоглуулдаг байжээ.
18 настайдаа ахлах сургуулиа төгсөхөөсөө сарын өмнө буюу 1990 оны дөрөвдүгээр сарын 8-ны өглөө Райан Уайт бурхны оронд заларсан юм. Индианаполисын Пресбитериан сүмд болсон Райаныг оршуулах ёслолд 1500 гаруй хүн оролцов. Түүний дотор АНУ-ын тэргүүн хатагтай Барбара Буш, Майкл Жексон, Элтон Жон зэрэг байсан юм.