Гэгээн хайрын өдрийг Валентин ламтаны түүх хийгээд чин сэтгэл, үнэн хайрыг гайхамшигтайгаар дүрслэн харуулсан Шекспирийн “Ромео Жульетта хоёр” зохиолгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Мөхөшгүй хайрын тухай өгүүлэх Ромео Жульетта хоёрын түүхийг хөндөөгүй уран бүтээлч тун цөөхөн. Уг зохиолоос сэдэвлэсэн балет, дуурь, жүжиг, уран сайхны кино олон бүтээл төрөн гарсан байдаг.
Энэ удаад та бүхэнд 1968 онд гарсан “Ромео Жульетта хоёр” киноны гол дүр болох Леонард Уайтинг, Оливиа Хасси нарын талаарх мэдээллийг хүргэж байна. Энэ кино Шекспирийн хамгийн алдартай жүжгийг дэлгэцэнд амилуулсан хамгийн сайн бүтээл гэгддэг билээ. 1968 онд Их Британийн найруулагч Франко Зеффирелли Шекспирийн “Ромео Жульетта хоёр” жүжгийг кино зохиол болгон бичиж анхны бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээлийг гаргажээ. Киноны гол баатар болох Ромеогийн дүрийг Леонард Уайтинг, Жульеттад Оливиа Хасси нар тус тус бүтээсэн байна. Тэд энэ кинонд тоглохдоо ердөө 16, 17 настай өсвөр насныхан байсан гэдэг.
“Ромео Жульетта хоёр” уран сайхны тухайн үед кино шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт авч байсан бөгөөд 1969 онд Хойд Америкийн бокс оффист дээгүүр жагсаж нийтдээ 14.5 сая ам.долларын ашиг олж байсан аж. Тэр жилдээ Америкийн кино Академийн шилдэг найруулагч, шилдэг бүтээл номинацид нэр дэвшиж, шилдэг зураг авалт, шилдэг хувцас загвар номинацид ялалт байгуулж Оскарын шагнал хүртсэн байна. Харин 1973 онд киног дахин дэлгэцэнд гаргаж 1.8 сая ам.долларыг олжээ.
-Жульеттагаас Тереза эх хүртэл-
Аргентин гаралтай жүжигчин Оливиа Хасси 1951 онд Буэнос-Айрес хотноо мэндэлжээ. Түүний эцэг Их Британийн хууль зүйн нарийн бичиг, эх нь Аргентины дуучин байсан бөгөөд Оливиаг хоёр настай байхад салцгаажээ. Түүний жүжигчний карьер 1965 онд эхэлж, 1968 онд Франко Зеффиреллигийн “Ромео Жульетта хоёр” кинонд тоглосноор тухайн үедээ ирээдүйтэй жүжигчин гэгдэж байв. Түүнээс хойш нэлээд хэдэн бүтээлд тоглосон боловч төдийлөн нэр алдарт хүрч чадаагүй юм. Хамгийн сүүлд 2003 онд “Mother Teresa of Calcutta” телевизийн цувралд Тереза эхийн дүрийг бүтээжээ.
Харин хувийн амьдралын хувьд тэрээр тийм ч тогтвортой нэгэн байгаагүй аж. Оливиа 1971 онд алдарт дуучин Дийн Мартин хүү жүжигчин Дийн Пол Мартинтай гэрлэж Александр нэртэй хүүтэй болжээ. Харамсалтай нь хосууд 1978 онд салсан бөгөөд 1987 онд анхны нөхөр нь ослоор өөд болсон байна. Ингээд тэрээр 1980 онд Японы хөгжимчин Акира Фижитэй Миамид хуримлаж, 1983 онд дахин нэг хүүтэй болсон юм. Гэвч 1989 онд Фижигээс салж 1991 онд Америкийн хөгжимчин Дэвид Глен Эслитэй гэрлэж охин, хүү хоёр төрүүлсэн байна. Тэрээр тун удахгүй эмээ болох гэж байгаа гэнэ.
-Ганцхан Ромеогийн дүрийг бүтээх гэж төрсөн мэт-
Их Британийн жүжигчин Леонард Уайтинг 1950 онд Англид айлын ганц хүү болон мэндэлсэн бөгөөд Англи, Ирланд цус холилдсон удмын хүн аж. Найруулагч Франко Зеффирелли Ромеогийн дүрд тоглох хүнийг олохын тулд гурван сарын турш 300 гаруй залуусыг сонгон шалгаруулалтад оруулжээ. Тэрээр хожим “Ромеогийн ихэмсэг хэрнээ үл ялиг гуниг дагуулсан харцыг Леонард Уайтингийн царайнаас олж харсан” хэмээн ярьсан билээ. Тэрээр “Ромео Жульетта хоёр” кинонд тоглож олонд танигдсан ч 1970-аад оны үед кино урлагаа орхиж театрын жүжигчин, зохиолчийн гараагаа эхэлсэн юм. Леонард Уайтинг түүний хуучин менежер байсан Линн Прессертэй гэрлэсэн бөгөөд өмнөх эхнэрийнх нь төрүүлсэн хоёр охиныхоо хамт Лондонд амьдарч байгаа аж.
-“Бид бие биедээ галзууртлаа татагдсан байсан”-
Алдарт хайрын түүхийг амилуулсан залуусыг амьдрал дээр ямар харилцаатай байсан талаар хүмүүс ихээхэн сонирхдог. Тэдний хэн нь ч энэ талаар хэвлэлд ам нээж байгаагүй ч тэд болздог, хоорондоо нэлээд дотно байсан гэнэ. Леонард Уайтинг 1995 онд Оросын нэгэн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа “Хачирхалтай нь бид барууны сэтгүүлчид энэ талаар хэзээ ч ярьж байгаагүй юм байна. Үнэндээ бид тухайн үед бие биедээ галзууртлаа татагдсан байсан. Би ч түүнд маш их хайртай байлаа. Харамсалтай нь бидний амьдралын зам нийлээгүй. Яагаад гэдгийг нь бидний хэн нь ч мэдэхгүй. Ямартай ч тэр надад маш их таалагддаг байсан нь үнэн” хэмээн ярьжээ. Энэ бүхний эцэст тэд найзууд хэвээр үлджээ.
Дашрамд дуулгахад, хоёр жүжигчин маань 47 жилийн дараа дахин нэг уран бүтээл дээр хамтран ажилласан байна. Брюс Веббийн найруулсан “Social Suicide” киноны гол дүрүүдэд Леонард Уайтинг, Оливиа Хасси мөн Оливиагийн охин Индиа Айсли нар тоглосон бөгөөд тус кино 2015 онд нээлтээ хийсэн юм.