2013 онд ОХУ-ын шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэд, түүхийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй хамтран орчин үеийн хүн 10-р зууны нөхцөл байдалд Оросын хүйтэн өвлийг даван туулж чадах уу? гэдгийг үзэхээр нэгэн сонирхолтой туршилт явуулжээ. Уг туршилтыг Москва хотоос 60 км зайтай байрлах газарт хийсэн бөгөөд багийн гишүүн Pavel Sapozhnikov туршилтад хамрагдахаар болжээ. Туршилтын гол агуулга нь цельсийн -30 градус температурт 21-р зууны хүн ганцаараа 10-р зууны үеийн нөхцөлд 8 сар амьдарч чадах уу гэдгийг харах явдал байлаа.
Түүнд тог, цахилгаан, интернет гэх мэт юу ч байхгүй бөгөөд нийгмээс ч бүрэн тусгаарлагдах ёстой байв. Уг туршилт нь анхнаасаа хүний амьдрах, амьд үлдэх чадварыг сорих гол агуулгатай учир өвлийн хүнд цагийг сонгосон тухай эрдэмтэд тайлбарлаж байна. Харин туршилтад орсон Pavel-ын хувьд тэрээр хэзээ ч хөдөө амьдарч үзээгүй бөгөөд бүх насаараа хотод орон сууцанд амьдарч өссөн нэгэн аж. Тэрээр уг туршилтад бэлдэн нэлээд хэмжээний бие бялдар болон сэтгэлзүйн бэлтгэл хийсэн байлаа.
Харин түүнд зориулж жижиг хэмжээний ферм барьж өгсөн бөгөөд уг фермийг туршилт эхлэхээс 1 жилийн өмнө ямар ч орчин үеийн материал ашиглалгүйгээр барьсан байна. Pavel уг фермд өвлийн хүйтэн өдрүүдийн турш ямаа тэжээж түүнийхээ сүүг буцалган ууж, тахиануудаа аль болох дулаахан байлгаж өндөгнүүдийг нь шарж идэн загас барьж махыг нь утах, талх барьж идэх зэрэг бүх хүнсээ өөрийнхөө гараар бэлдэж байв. Түүнчлэн тэрээр өөрийн гараар газар доор мөсөн зоорь барьсан аж.
Түүний өдөр тутмын амьдрал яг нэг хэв маягаар өрнөдөг байв. Өглөө босож ямаа болон тахианууддаа хоол хүнсийг нь өгч сүү болон өндгийг нь цуглуулаад дараагийн ээлжид мод хагалах, түлээ түлэх ажил хийнэ. Үүнийгээ дуусгасны дараа усанд явж ус авчирч ирдэг байсан бөгөөд хоол хүнс олохын тулд ан хийх, загас барих зэрэг ажлуудыг хийсээр дуусах үед нар буудаг байв.
Туршилтын явцад судалгааны багийнхан түүний нэг өдрийн амьдралыг дүрсэлсэн бичлэг хийхээр шийдэж өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл Pavel-ын алхам тутамд дагаж явжээ. Тэрээр нэг удаа хатгаа туссан бөгөөд маш ихээр халуурч байсан боловч гаднаас тусламж авахыг хүсэлгүй өөрийн уншиж байсан номоосоо иш татан уураг, амин дэмээр баялаг шөл хийж уусаар өөрийгөө бүрэн эдгээжээ. Зураглаач нартай хамт эмч ирэн үзлэг хийхэд хатгаа нь бүрэн эдгэсэн хэмээн гарсан байна.
8 сар өнгөрсний дараа Pavel эв эрүүлээр тогтохгүй өөрийн амьдралдаа бүрэн дасаж хотын амьдралаас илүү таалагдсан тул “та нар надад эхнэр олоод өгвөл үлдсэн амьдралаа туршилтаар энд өнгөрүүлээд өгье” хэмээн хошигносон аж.