Тэрээр 1775 онд Манж гүрний Гуандонг хотод мэндэлсэн бөгөөд тухайн үеийн нөхцөл байдал, боломж бололцоо зэргээс шалтгаалан биеэ үнэлэгч болох замыг сонгосон байдаг. Тухайн үед Zhèng Yi хэмээх “Улаан дарцагт флот” гэх далайн дээрэмчдийн бүлгэмийн толгойлогч түүний үзэсгэлэнд хөл алдаж түүнийг өөртэйгөө хамт далай тэнгисээр аялж амьдрах хүсэлт тавьжээ. Ching Shih ч түүний хүсэлтийг нь зөвшөөрч тэд хамтдаа олон сарын турш далайгаар аялж явсны эцэст дээрэмчдийн ахлагч эр түүнд гэрлэх санал тавихад эргэлзэх зүйлгүйгээр зөвшөөрсөн байдаг. Ийнхүү тэд хамтдаа “Улаан дарцагт флот”-ыг захирч эхэлсэн бөгөөд Ching Shih-тай гэр бүл болсноос хойш тэдний флот 200 усан онгоцтой байснаас 600 бол, улмаар хэдхэн жилийн дотор 1800 гаруй усан онгоцтой болж асар хурдан хугацаанд амжилтад хүрсэн түүхтэй. Онгоц тус бүр улаан дарцагтай байдаг байсан нь тэдний флотын нэрийн хуудас болдог байв.
1807 онд буюу хосууд хуримаа хийснээс 6 жилийн дараа Zheng Yi жам ёсоороо таалал төгссөн байдаг. Энэ бүхний эцэст тэрээр буцаж биеэ үнэлэгчийн эмгэнэлт хувь тавиланг туулахгүйн тулд өөрийн нөхрийн баруун гарын туслахыг өөртөө урвуулж түүний тусламжтайгаар бүх флотыг өөрийн хяналтандаа оруулж чадсан юм. 1807 он гэхэд түүний удирдлаган доор 70,000 гаруй эрчүүд хүчин зүтгэж байв. Тэрээр “улаан дарцагт флот”-ыг захирах болсноор Хятадын тэнгист “далайн хууль” гэх шинэ хууль боловсруулсан байдаг. Ямар ч усан онгоцыг тэд дээрэмдсэн нийт эд баялаг бараа бүтээгдэхүүний 30 хувийг тонодог бөгөөд үлдсэн 70 хувийг нь бүрэн бүтнээр нь үлдээдэг болов. Түүнчлэн олзолж авсан эмэгтэйчүүдтэй хэрэв хэн нэгэн дээрэмчин хайр сэтгэлийн холбоо үүсгэн эмэгтэй нь гэрлэхийг зөвшөөрвөл тэдний гэрлэлтийг тэнгисийн хуулийн дагуу баталдаг байв. Үүгээр тогтохгүй эрэгтэй дээрэмчид хэрэв хүчингийн гэмт хэрэг хийвэл цаазаар явах ялаар шийтгэдэг болжээ.
Түүний асар хүчирхэг флот Макао, Кантон зэрэг мужуудийн бараг бүхий л хот тосгодыг өөрийн хяналтандаа байлгаж татвар авдаг байсан гэдэг. Түүнийг устгах гэж Их Британи, Португал, Хятадын усан флотууд хэд хэдэн удаа тулалдаж байсан боловч хэн ч дийлж байсангүй. Арга ядсан Хятадын Засгийн газар түүний толгойг асар их мөнгөн дүнгээр үнэлэж байлаа. Гэсэн ч уг арга нь амжилтыг эс олов.
Гэхдээ энэ бүхний эцэст Хятадын Засгийн газар түүнийг хэрэв сайн дураараа буулт хийхгүй бол Манж гүрний тэнгисийн их флотыг түүний эсрэг илгээж юу ч үлдээлгүй устгах болно хэмээгээд хэлэлцээр хийхийг шаардсан байдаг. Засгийн газрын хүсэлтийн дагуу тэрээр ямар ч зэвсэггүй ганцаараа хэлэлцээр хийсэн бөгөөд Манжийн удирдлага түүнийг дээрэм тонуулаар олсон бүхий л хөрөнгөө өөртөө авч үлдэхийг зөвшөөрч хариуд нь далайн дээрэмчний амьдралаа зогсоо хэмээн тулгасан түүхтэй. Ching Shih ч Засгийн газрын шаардлагыг зөвшөөрч “улаан дарцагт флот”-ыг орхин 1844 онд нас барах хүртлээ Кантонд өөрийн мөрийтэй тоглоомын газраа ажиллуулан амьдарсан байдаг.