Эрх баригч нам, төр, засгийн газрын тэргүүнээр бараг хагас зуун жил ажилласан Монголын төрийн зүтгэлтэн
1933-1938 онд Эрхүү хотын санхүү-эдийн засгийн дээд сургууль төгсөж ирээд Ю.Цэдэнбал нам, төрийн дээд албанд 44 жил хүчин зүтгэжээ. 1970-аад оны сүүлч 80-аад оны эх гэхэд Ю.Цэдэнбэл насан огшсон, өвчний улмаас мартамхай болсон, гэргий Цэдэнбал Филатова ажил төрөлд хутгалдан орж үймүүлэх болсон байна. 1984 оны 8 дугаар сард хуралдсан Намын Төв Хорооны VIII бүгд хурал Ю.Цэдэнбалыг өвчний учир МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажил, Улс төрийн Товчооны гишүүнээс, дараа нь АИХ-ын чуулганы БНМАУ-ын Ардын их Хурлын Тэргүүлэгчдийн даргын албанаас тус тус чөлөөлжээ. Тус бүгд хурал “БНМАУ-ын түүхэн хөгжлийн нэн чухал үед тус улсад социализм үндсийг байгуулсан, соёлын хувьсгал хийсэн, хөдөө аж ахуйг социалист ёсоор өөрчлөн, улс орноо амжилттай үйлдвэржүүлж, социализмын материал-техникийн бааз байгуулж буй хийгээд манай орны нэр хүнд олон улсын тавцан дээр өсөн бэхжсэн нь Ю.Цэдэнбалын нэр хүнд, түүний олон талт бүтээлч үйл ажиллагаатай салшгүй холбоотой юм” гэж тэмдэглэжээ. Харин 1990 оны Намын Төв Хорооны VIII бүгд хурал “Юмжаагийн Цэдэнбалыг МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажил, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүнээс чөлөөлөх тухай” 1984 оны МАХН-ын Төв Хорооны ээлжит бус VIII бүгд хурлын тогтоолын түүний үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн гуравдугаар заалтыг хүчингүй болгож, МАХН-ын эгнээнээс хөөсөн байна.
Сарын дараа дөрөвдүгээр сарын 18-нд АИХ-ын Тэргүүлэгчдйин зарлиг гарч Ю.Цэдэнбалд олгосон БНМАУ-ын Хөдөлмөрийн болон Улсын баатар, БНМАУ-ын Маршал цол, А.Филатовад хүртээсэн БНМАУ-ын Соёлын гавъяат зүтгэлтэн, Сүхбаатарын одон зэрэг одон шагналыг хураажээ. Харин 1997 онд Ерөнхийлөгч Н.Багабанди дээрх 97-р зарлигийг хүчингүй болгож Ю.Цэдэнбалын цол хэргэм, одон шагналыг нь буцаан олгосон юм. Харин МАХН-ын XXII (2003) их хурал түүний намын гишүүнчлэлийг нь сэргээн тогтоосон байна. Ю.Цэдэнбал 1991 оны дөрөвдүгээр сарын 20-нд Москвад насан өөд болжээ. Түүний цогцосыг Монголд авчирч Алтан-Өлгийд армийн генералын хэмжээнд хүндэтгэл үзүүлэн нутаглуулсан байна.
Тэр бээр нам, төрийн дээд албанд 44 жил хүчин зүтгэсэн тул өнгөрсөн тогтолцооны эерэг, сөрөг бүхэнтэй холбоотой нь маргашгүй юм. (Ж.Болдбаатар)